Орос улсад санал хураах нэгдсэн өдөр болж байна. Өнөөдөр 10-р сарын 14-нд бүх орон даяар бүс нутгийн шинэ засаг захиргааг сонгож байна. Тус улсын 77 бүс нутагт 5000 орчим янз бүрийн шатны санал хураалт болж байна. Сонгуулын янз бүрийн суудлын төлөө 5 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн хэсэгт 28 сая оросууд ирж саналаа өгнө гэж үзэж байна. Сонгуулийн явцыг интернетээр ажиглаж болох ба цахим хайрцагт саналаа өгч болох юм. Маш олон шинэ намуудын төлөөлөгчид оролцож байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог юм.Урьд нь 4-7 нам оролцдог байсан бол энэ жил 25 нам оролцож байгаа юм. ОУ-ын шинэхэн түүхэнд бүс нутгийн ийм сонгууль урьд өмнө нь болж байгаагүй гэж улс төрчид болон шинжээчид үзэж байна.

Сүүлийн 7 жилд анх удаагаа Амар, Брянск, Рязань, Белгород, Новгород мужуудын оршин суугчид амбан захирагчдаа өөрсдөө сонгох болно. Бүс нутгийн депутатуудын нэрсийн жагсаалтад шинээр бүртгэгдсэн намуудын төлөөлөгчид орох боломжтой. Жишээ нь, “Ухаалаг Орос орон”, “Нийгмийн сүлжээнүүд”, “Хотын чөлөөт иргэд” зэрэг намууд байна. Улс төрийн иймэрхүү олон янз байдал энэ удаагийн сонгуулийг сонирхох иргэдийн сонирхолыг илүү татаж байна гэж СЕХ-ны орлогч дарга Леонид Ивлев “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна. Ирц дээд хэмжээнд хүрдэггүй юмаа гэхэд өндөр байх болно гэж СЕХ үзэж байна. Энэ жилийн бүс нутгийн парламентын нэг суудлын төлөө 12 нэр дэвшигч өрсөлдөж байна гэж Леонид Ивлев ярьж байна. Намууд ингэтлээ идэвхижинэ гэж бодоогүй юм. Улс төрийн намуудын тухай хуулинд оруулсан өөөрчлөлт 4-р сард хүчин төгөлдөр болсон юм. Тэр үеэс л шинэ намууд байгуулагдаж бүртгүүлж эхэлсэн ба зарим нь бүртгүүлэнгүүтээ л сонгуульд оролцож эхэлсэн. Нөгөө талаас нь авч үзвэл тэд одоохондоо сул, өлгийтэй үедээ байна гэж хэлж болно.

Харин нэг, хоёр жилийн дараа ямар намууд нь алга болох вэ, ямар нь эвсэл болж улс төрийн бусад бүтэцүүдтэй нэгдэх вэ гэдэг нь харагдах байх. Эдний оршин тогтнох эсэх нь сонгогчдын саналаас л шалтгаална. Ямар нэг шинэ намын нэр дэвшигчийн төлөө сонгогчид саналаа өгвөл тэр нам өөрийн депутаттай, өөрийн амбан захирагчтай болно гэсэн үг. Энэ нам удаан оршин тогтнож, нэг бус сонгуульд оролцох болно.

Энэ жилийн хавар ОУ-д амбан захирагчдыг ард иргэд нь сонгодог хэлбэрт эргэн орох, шинэ нам бүртгэх ажлыг хялбаршуулах зэрэг урьд өмнө байгаагүй улс төрийн өөрчлөн байгуулалт гараагаа авсны дараа тус улсад намуудын “бэби бум” болсон гэж хэлж болно. Намын хүчтэй төслүүд одоохондоо гараагүй гэдэгтэй улс төр судлаачид санал нэг байна. “Оросын коммунистууд”, “Нийгэмийн шудрага ёсны төлөө коммунистуудын нам” зэрэг шинэ намууд нь бүхний мэддэг ЗХУКН гэдэг хураангүй үгтэй ижил юм. Геннадий Зюгановын удирддаг ОХУКН-ын саналаас эдгээр шинэ намууд зулгаах л бодолтой байгаа юм.

Тэгэхлээр үндсэн өрсөлдөөн парламентын хуучин намуудын хооронд л болно гэсэн үг. Өөрөөр хэлвэл шинэков намууд өөрийн бүтэц дээрээ ажиллах шаардлагатай болно гэсэн үг. Гэлээ гэхдээ л ОУ дахь улс төрийн өрсөлдөөн шинэ түвшинд гарч байна гэдэг нь маргаангүй гэж Улс төр, эдийн засгийн харилцаа холбооны агентлагын ерөнхий захирал Дмитрий Орлов үзэж байна. Өрсөлдөөний түвшин үнэхээр дээшилсэн. Энэ нь амбан захирагчийн болон орон нутгийн сонгууль дээр харагдаж байна. Амбан захирагчдын сонгууль явагдаж байгаа бүх бүс нутагт төр засаг хяналтаа хадгалан үлдэнэ гэсэн өндөр магадлал байгаа юм.

Мэдээж хэрэг үндсэн тоглогчид нь парламентын намууд байх юм. Гэлээ гэхдээ улс төрийн шинэ нэгдлүүд орон нутгийн хэмжээнд идэвхитэй ажиллаж эхлэнэ гэдэг нь тодорхой. Ямарч тохиолдолд систем өрсөлдөөнтэй болсон гэдэг нь харагдаж байна. Бүс нутгийн сонгуульд нэр дэвшигчид нилээн хатуу байр суурьтай, хүч тэнцүү тэмцэл явуулж байна.