ЕХ 2012 оны Нобелийн энх тайвны шагналтан болов. Тус байгууллага Европыг нэгтгэх болон « түүнийг дайны тивээс энх тайвных болж хувиргах» зорилгоор нөр их ажил хийсэн гэж Нобелийн шагналын хороо үзсэн байна.

Урьд өмнө ч Нобелийн хорооны энх тайвны шагналыг чухам хэнд хүртээх шийдвэр ширүүн маргаан үүсгэж байв. Альфред Нобелийн гэрээсийн тухайд гэвэл энх тайвны шагналыг хүн төрөлхөтөнд их ач тустай зүтгэлтэнд хүртээх ёстой. 27 улсыг нэгтгэсэн ЕХ-г тийм зүтгэлтэн хэмээн үзэхэд хэцүү.

Нэг сая гаруй долларыг ЕХ-ны 500 сая оршин суугчидад хуваахад илүү хэцүү байна. Нобелийн энх тайвны шагналын комиссыг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьери Ягланд тэргүүлж байгааг үүнтэй холбогдуулан тэмдэглэх нь зүйтэй биз гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн шинжээч Павел Святенков хэлээд

«Энэ нь үнэн чанартаа өөрийгөө өөрөө шагнасан хэрэг. Сүүлийн жилүүдэд Нобелийн энх тайвны шагналыг улс төрийн шалтгаанаар бодит энхийг эрхэмлэгчдэд биш янз янзын дээгүүр албан тушаалтанд хүртээж байна. Жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нь нэг ёсны урьдчилгаа болсон.Миний бодоход энэ удаа Нобелийн энх тайвны шагналыг ЕХ-д хүртээсэн нь шагналыг ор үндэсгүй болгож байна» гэв.

1901 онд Нобелийн энх тайвны анхны шагналыг «Улаан загалимайн» олон улсын хороог үндэслэн байгуулсан швейцарын иргэн Анри Дюнан, энх тайвны төлөө тэмцэх нийгэмлэгийг зохион байгуулсан францын Фредерик Пасси нарт хүртээсэн билээ. Хожим Теодор Рузвельт, Жозеф Чемберлен, Мартин Лютер Кинг, Тереза эх, Михаил Горбачёв зэрэг зүтгэлтэн Нобелийн энх тайвны шагналтан болсон билээ.

НҮБ-ын Хүүхдийн сан, «Хаа сайгүй ажиллах эмч нар» зэрэг байгууллага энэ эгнээнд зохих байр эзлэж байна. Үнэн чанартаа ЕХ юу вэ? Энэ нь юуны түрүүнд төрийн хүнд сурталт байгуулал юм гэж «Иргэний нийгэм» хорооны дарга Светлана Ганнушкина тэмдэглэн хэлээд

«Энэ байгууллага яаж шагналтан болж, шагналтныг чухам хэн төлөөлөх нь тодорхой биш байна. Нөгөө талаас Нобелийн хороо эдүгээ хүнд байдалд орсон хүний эрхийг хамгаалагчид ба энх тайвны төлөө тэмцэгчдийг дэмжихгүй байгаад харамсаж байна. Энэ удаад ч улс төрийн ашиг сонирхол энх тайван, ардчиллын үнэ цэнэт зүйлээс давамгайлсан шиг байна.Харин эдгээр үнэ цэнэт зүйл Европт л төлөвшсэн. Европ л тэдгээрийг урагш ахиулсан хэмээн үзэж ирсэн» гэв.

Европынхон ч Нобелийн энх тайвны шагнал ЕХ-д хүртээсэнд нэлээд гутрангүй хандаж байна. «ЕХ-д Нобелийн энх тайвны биш Лиссабоны гэрээ зохиосон тул утга зохиолын шагнал хүртээх хэрэгтэй байсан. Түүнээс гадна Грек улсыг санхүүжүүлж, зээлээ германы ба францын санхүүгийн банкуудад буцаах боломжтой болгосон тул Нобелийн эдийн засгийн шагнал ЕХ-д гардуулж болно» гэж польшийн нэгэн блог хөтлөгч бичжээ.