Дэлхийн эдийн засгийн байдал хэвийн болж, давшингүй хөгжих шинж алга. Хэтийн төлөв тод биш байна гэж Олон улсын валютын сангийн захирагч Кристин Лагард Токиод ОУВС, Дэлхийн банкны удирдлагын жил дутмын чуулган нээгдэхийн өмнөхөн хэлжээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын тухай илтгэл АНУ, Европ зэрэг гол бүс нутгийн талаар гутрангүй дүгнэлт агуулж байна гэж чуулганд оролцогчид мэдээлэв.

ОУВС, ДБ-ны удирдагчид олонхи жирийн хүмүүсийн нэгэн адил дэлхийд шинэ таагүй үйл явдал болж мэдэхийг мэдэрч байна. Тэр тусмаа 2008 оны хямрал давтагдаж болзошгүй гэж зарим шинжээч дүгнэжээ.

Жишээ нь 2010 онд АНУ-д 715 триллион долларыг бодит эдийн засгийн хүрээнээс «хассан» гэж «Капиталистуудын хамтын нийгэмлэг» номын зохиогч Эдуард Каллс үзэж байна. Эдгээр хөрөнгө санхүүгийн нэг ёсны мөрийтэй тоглоом гэмээр санхүүгийн 2-р зэргийн зах зээлийн эргэлтэд байсаар байна.Урьд энэ зах зээлд гол төлөв хувийн хөрөнгө оруулагчид ба хөрөнгө оруулах компаниуд гарч байсан бол одоо банкууд гарч, капиталдаа аюул учруулж байна. « Арилжааны банкууд энэ тоглоомд оролцохгүй бол хор уршиг нь ямар нэг хүмүүс, албан байгууллагыг хамрах байсан. Одоо энэ нь системийн асуудал болсон. Хожигдвол бодит хөрөнгийг эдийн засгийн хүрээнээс гаргана» гэж Эдуард Каллс «Оросын дуу хоолой» радиод мэдээлэв.

Энэ тоглоомд оролцож байгаа хүмүүс буюу банкууд «бие биеэ ашиглан хөрөнгө олж байна» гэж Эдуард Каллс үзэж байна. Санхүүгийн салбарынхан 2008 оны туршлагыг харгалзалгүй илүү ноцтой алдаа гаргаж байна.

2008 оны хямрал ойрын жилүүдэд давтагдахгүй гэж Даярчлалын судлалын хүрээлэнгийн захирал Михаил Делягин «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «2008 оны хямрал америкийн ипотекийн хямралаас болж үүссэн. Өмнөд Европын хямрал дэлхийн хямралын 2 дахь «давалгаа» болсон.Үүний улмаас евро, евро бүс, ЕХ, дэлхий нийт дампуурахгүй. Одоо Хятадад болж байгаа үйл явдлыг анхааралтай авч үзвэл зохино. Учир нь хэдэн жилийн дараа хятадын эдийн засгийн өсөлт унах юм. Жишээ нь өсөлт нь 5 хувь болвол Хятадад үүсэх нарийн түвэгтэй хандлага дэлхийд цохилт өгнө. Юу гэвэл одоо Хятад дэлхийн эдийн засгийн түшиг тулгуур болсон. Иймээс Хятадад анхааралтай хандах хэрэгтэй» гэв.

2008 оны хямрал гэнэтийн үйл явдал болсон гэж «АЛОР» хэсэг компанийн захирал Сергей Хестанов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа дурдаад «2008 оноос хойш хямралын тухай үг яриа үргэлжлсээр байна. Өнөөгийн нөхцөл байдал эдийн засаг доройтож мэдэхэд эдийн засгийн субьектуудийг бэлтгэж байна. Эдийн засгийн өсөлт саатах бололтой. Гэвч 2008 оных шиг өсөлт эрс буурахгүй. Учир нь иргэд ба үйлдвэрүүд хямрал гарахыг үгүйсгэхгүй байна. Иймээс түүнд илүү сайн бэлдсэн» гэв.

Ер нь хямралын аюул тулгарч мэднэ хэмээн үргэлж үзэж байх нь эдийн засгийг эрс хатуу онцгой хувиралаас хамгаалж байна.