Мягмар гаригт сургуулиасаа гэрээдээ явж байхад нь сахалтай хоёр дайнчид буудаж хүнд шархдуулсан 14 настай Малала Юсуфзай охин хурдан эдгэрээсэй гэж өнөөдөр Пакистан улс тэр аяараа ер нь бүх дэлхийн эрүүл саруул ухаантай хүн бүхэн залибарч байна. Шархадсан охиныг Равалпинди хотын цэргийн эмнэлэгт хүргэж сумыг нь гаргаж авах хүнд мэс засал хийсэн ба одоо ухаангүй байна.

Талибан хөдөлгөөний алан хядагчдын Малала охинд халдаж үйлдсэн энэ ажиллагаа нь лалын шашны ёс жаягт огт нийцэхгүй байна гэж “Суннитуудын эвслийн зөвлөл”-д багтдаг лалын сүм хийдийн 50 эрдэмтэн лам нар мэдэгдсэн байна. Хайбер-Пахтунхва мужийн орон нутгийн засаг захиргаа гэмт этгээдүүдийг олж өгөхөд тусалсан хүнд 10 сая рупий буюу 100 мянга гаруй доллароор шагнахаар амалсан байна. Энэ охин амьд мэнд үлдэж хурдан эдгэрхийг л хүсэн ерөөх үлдээд байна даа. Гэмт этгээдүүдийг барьж аван хамгийн хатуу шийтгэлийг хүлээлгэх ёстой.

Энэ түүхэнд бодож үзэх хэд хэдэн хүчин зүйл байгаа юм. Малала охиныг буудаж шархдуулсан этгээдүүд бол “Пакистаны талибууд” хөдөлгөөний дайнчид мөнөөсөө мөн, гэхдээ хэдэн арван жилийн турш өдөөн хатгалага үйлдэж байгаа этгээдүүд өнөөдөр үүнийг улс төрийн зорилгодоо ашиглах гэж байна. Энэ бүхэн хаанаас эхэлснийг санацгаая. Малалагийн эцэг хувийн дунд сургуулийн эзэн, захирал гэр бүлийн хамт амьдарч байсан Сват хөндий Талибан хөдөлгөөний дайнчдын гарт байсан ба тэднийг 2009 онд засгийн газрын цэргүүд тэндээс үлдэн хөөсөн юм.

Мэдээж хэрэг талибууд өөрийнхөө харгис хатуу хууль дүрмийг, тэр дундаа охин хүүхэд сургуульд явж болохгүй гэсэн дүрмийг номлож байсан. 2009 онд Малала 11 настай байсан ба өдрийн тэмдэглэл хөтөлдөг байжээ. Түүндээ өөрийнхөө өдөр тутмын амьдралын тухай, эргэн тойронд болж байгаа үйл явдалд сэтгэл зовинож байгаа тухайгаа бичсэн юм.

2009 онд энэ өдрийн тэмдэглэлийн хэсгээс Би-Би-Си радиогийн урду хэл дээрх сайтан дээр нийтэлсэн юм. Тэр үед л Малала охин алдартай болсон юм. Энэ жирийн нэг охиныг бараг л бүх дэлхийн тэгш эрхийн төлөө хөдөлгөөний билиг тэмдэг мэт болгох хүмүүс олдсон юм. Малала охины өдрийн тэмдэглэлийг анхааралтай уншсан хүн бүхэн “би айж байна”, “надад аймшигтай санагдаж байна” гэсэн үгүүд олонтоо тохиолдож байгаад анхаарлаа хандуулах болно.

Дайсагнасан, түрэмгийлсэн хүчинтэй таарсан 11 настай охин битгий хэл хэн бүхэн айх байсан. Энэ аймшиг дээр тоглох нь хэн нэгэнд ашигтай байсан бололтой. Малалагийн нэрийг ашиглан идэвхитэй явуулсан пиар кампанит ажиллагаа эцсийн эцэст түүний эсрэг чиглэгдлээ. “Пакистаны талибууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн этгээдүүд бид л лалын шашны хэм хэмжээг мэддэг гэж орилдог бөгөөд тэд л энэ охины эсрэг эвлэлдэн нэгдэж, хуйвалдсан юм.

Иймэрхүү үйл ажиллагаа лалын шашинтай ямарч холбоогүй юм. Жишээ нь, Коран сударыг шатааж, “Лалууд буруугүй” киног сурталчилж байгаа америкийн лам Терри Жонсыг христос шашинтан гэж нэрлэж болохгүйтэй адилхан юм. Дээрэмчид, гэмт хэрэгтнүүдэд шашин гэж байхгүй. Гэхдээ энэ халдлага хийх ёстой зүйлээ хийлээ. Одоо “Пакистаны талибууд” хөдөлгөөний эсрэг бүгдээрээ нэгдэн нягтарлаа. Гэхдээ пакистаны болон афганистаны талибуудыг одоо хэн ч ялгаж салгахгүй, уул нь энэ хоёр хөдөлгөөн шал өөр хөдөлгөөнүүд юм. Ийм маягаар явуулсан суртал нэвтрүүлгийн ажиллагаа хэдэн дээрэмчдийн үйлдсэн хэргээс үүдсэн зэвүүцлийн давалгаа болон хувирч бүх талибуудын эсрэг чиглэгдлээ.

Эндээс үүдээд Барууны бүх орнуудад лалын шашинтнуудын эсрэг шинэ давалгаа эхлэж, шуугиан тарьсан киноны зохиогчийг ч өмгөөлөж мэднэ. НҮБ-ын санаачлагаар өнгөрсөн пүрэв гаригт анх удаагаа тэмдэглэсэн Бүх дэлхийн охидуудын өдрийн өмнөхөн Малала охинд халдан довтолсон нь тохиолдын хэрэг байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Их Британи улсын ерөнхий сайд асан Гордон Браун бичихдээ, энэ өдөр бүх дэлхий ягаан өнгөөр бүрхэгдэх ёстой, учир нь Малала охин сургуульд явахдаа ийм өнгийн палааж өмсдөг байсан юм гэжээ. Ягаан өнгө гэдэг олон улсын ижил хүйстэнүүдийн нийгэмлэгийн бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн өнгө гэдгийн ерөнхий сайд асан “мартсан” бололтой.

Малала Юсуфзайд халдсан халдлага чухам хэнд ашигтай байсан бэ? гэсэн асуултанд хариулах цорын ганц хариулт байхгүй бололтой. Үүнийг өөрийнхөө ашиг сонирхолд ашиглах гэсэн хүчин дэндүү олон байна, тэдэнд хөөрхийлөлтэй энэ охины хувь заяа хаашаа эргэх нь огт хамаагүй юм. Хэрвээ хэн нэгэн этгээд хүүхдийг бартай торонд түлхэн оруулсан бол барыг буруутгах хэрэг байна уу?

Энэ тайлбарыг бичсэн хүний санал нь “Оросын дуу хоолой” радиогийн редакцийн саналтай заавал нийцэж байх ёсгүй.