Цэргийн хүч хэрэглэх биш яриа хэлэлцээ хийх замаар л сирийн хямралыг зохицуулж болно гэж НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Саудын Аравийн ван Абдаллатай уулзах үеэрээ мэдэгдлээ. Уулзалт өчигдөр Жиддэд хийсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Брахими сирийн засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлдөөний талаар өгүүлэв. Тэрээр эдгээр зөвлөлдөөнийг дүгнээд Сирийн «гунигт байдлыг» цэргийн хэрэгслээр зохицуулж үл болохыг ахин мэдэгджээ. Брахимийн хэлснээр «сирийн ард түмний амин чухал эрх ашигт нийцэх улс төрийн үйл явцыг эхлүүлэх замыг эрэх нь зайлшгүй чухал юм.Сирид цуст ажиллагааг нэн даруй зогсоож, сирийн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилт дэлхийн хамтын нийгэмлэгт тулгарсан гэж Брахими ба Абдалла ван санал нэгтэй үзэж байна. Сирийн засгийн газар, зэвсэгт сөрөг хүчний сөргөлдөөн 2011 оны 3-р сараас үргэлжилж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад энэ завсар 20 мянга гаруй хүн амь үрэгджээ. Сирийн 350 мянга орчим оршин суугч дүрвэгч болсон байна. Лахдар Брахими талуудыг эвлэрүүлэх замыг эрэхэд чиглэгдсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжин зохицуулж байна. Гэвч НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолгүйгээр ч Сирид цэрэг оруулахыг зарим улс уриалж байна. Хэдэн улс, түүний дотор ОХУ ийм саналыг эрс шүүмжилж байна.