Сири улсын хилийн ойролцоо бөөнгөрүүлж байгаа түркийн армийн бүлэглэлд танкын хоёр батальон, их бууны нэг анги нэмэгдсэн байна гэж түркийн ОНХМХ-үүд өнөөдөр мэдээллээ. Хил рүү 60 орчим танк явуулсан ба Сири улстай залгаа хилийн дагуу 250-иас цөөнгүй хуягт техник, 40 километрийн тусгалтай гаубиц буюу охор их буу байрлуулсан байна. Хуурай замын цэргүүдээс гадна тус бүс нутагт байрлаж байгаа нисэх хүчнийг нилээд бэхжүүлсэн байна гэж “Хюрриет” сонин мэдээлсэн байна. Диярбакыр хотод байрлаж байгаа Түрк улсын АЦХ-ний хоёр дахь тактикийн командлалын баазад тус улсын өөр бүс нутгаас 15 ширхэг Ф-16 сөнөөгч онгоцыг байрлуулаад байна. Нисэх хүчний энэ бааз одоо 55 онгоцтой болоод байна. Диярбакыр баазад байрлаад байгаа онгоцууд нь Курдистаны ажилчны намын салан тусгаарлагчдын отряд байрлаад байгаа Хойд Иракын нутагт агаарын цохилт өгөх зориулалттай юм. Шаардлага гарвал Сири улсын эсрэг ч эдгээр онгоцуудыг ашиглах болно гэж тус сонин бичсэн байна.