Ямар ч гэм зэмгүй автомашин Сенкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойрны Япон Хятадын хоорондын ширүүн маргааны анхны золиос болжээ. Хятадад японы үйлдвэрлэлийн машинтай хүмүүс машинаа «хэт эх оронч үзэлтнүүдээс» хамгаалахын тулд янз бүрийн арга барил хэрэглэж байна. Тухайлбал «Би японы үйлдвэрлэлийн машинтай байсан ч зүрх сэтгэлээрээ хятад хүн». «Би японы засгийн газраас Дяоюйдао арлуудыг улсын мэдэлд авахын өмнө машинаа худалдан авсан.

Үүнээс хойш японы бараа таваарыг авахгүй» гэсэн бичээстэй машинууд Бээжинд харагдав. Өөр хумуус японы эсрэг лоозон машины ард нааж эсвэл маргаан үүсгэсэн арлуудыг улаан будгаар будсан Хятадын газрын зургийг байрлуулж байна. Хятадын олон арван хотод японы эсрэг олон нийтийн тэмцэл хөдөлгөөний явцад Toyota, Nissan, Mazda компаниудын машинуудыг дайрч эвдснээс хойш японы үйлдвэрлэлийн машины эзэд үл хөдлөх хөрөнгөө хамгаалахыг оролдож байна.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдасны уршгаар Хятадын зах зээлд японы бүтэгдэхүүний эрэлт эрс унав. Иймээс Nissan Motor, Toyota Motor, Honda Motor зэрэг японы тэргүүлэх авто машин үйлдвэрлэгчид Хятадын нутаг дэвсэгэрт автомашиныхаа үйлдвэрлэлийг багасгах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Mazda Motor, Mitsubishi Motor хоёр томоохон компани БНХАУ дахь заводууддаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хорогдуулахаа мэдэгдэв. «Өнөөгийн нөхцөлд Хятад дахь японы үйлдвэрүүд ажиллах нь хаагдахаас илүү аюултай» гэж оросын авто машин шинжээч Олег Дацкив үзэж байна.

«Японд худалдаа буурч, америкийн зах зээлийн байдал үнэтэй йенээс болж хэвийн бус байгаа учраас японы компаниуд хүнд байдалд орно гэж бодож байна. Оросын зах зээл хэтийн төлөвтэй боловч одоогоор үнэмлэхгүй үзүүлэлтээр тийм их биш байна. Европт японы байр суурь сулхан. Учир нь энд европын үйлдвэрлэгчид давамгайлж байна. Хятадад автомашины үйлдвэрлэл нь багасах явдал японы тэргүүлэх авто компаниудад хохирол учруулж мэднэ. Тэр тусмаа үйлдвэрлэлийг сэргээх нь нэлээд эмзэг асуудал юм. Үйлдвэрлэлийг зогсоож эсвэл хязгаарлах нь амар.

Харин өргөжүүлэхэд маш хэцүү. Энэ нь логистик, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлттэй холбоотой. Үүнд их цаг хугацаа шаардагдана. Энэ удаа үйлдвэрлэлийг 50 хувиар багасгах нь зөв алхам гэж үзэж байна. Машин хэт үйлдвэрлэж, хөнгөлөлттэй худалдаж гаалиар ивээх нь түүнээс дор хавилбар юм. Өөрөөр хэлвэл үйлдвэрлэлийг багасгаж мөнгө хөрөнгө олох нь илүүдэл машин үйлдвэрлэж хохирол хүлээхээс дээр» гэв.

Хятадын зах зээл дэх японы автомашины эргэн тойрны байдал өмнөд солонгосын авто концернуудын үйл ажиллагааг идэвхжүүлэв. Японы эсрэг жагсаал цуглаан хийж байгаа нөхцөлд 2012 онд БНХАУ-д бидний машины худалдаа урьд таамагласнаас давна гэж Hyundai Motor, Kia Motors хоёр компани зарлан мэдээлжээ. 9-р сард эдгээр хоёр компани нийт 128 мянган машин худалдав. Энэ нь 2011 оны мөн үеийнхээс 9,5 хувиар илүү их байна.