2001 онд АНУ-тай байгуулсан гэрээнийхээ зарим нэг зүйлийг мөрдөхгүй болохоо Өмнөд Солонгос улс зарлалаа. Энэ хэлэлцээрийн дагуу 500 кг-аас илүү жинтэй цэнэгт хошуутай 300 километрээс хол тусгалтай пуужин боловсруулахгүй гэсэн үүргийг Сөүл хүлээсэн байсан юм. Одоо Өмнөд Солонгос улс 1000 хүртэл кг жинтэй, 800 километр хүртлэх тусгалтай баллистик пуужин боловсруулах ажлаа эхэллээ гэж албан ёсоор зарлалаа.

Тухайн үедээ Өмнөд Солонгос улс энэ хязгаарлалтыг сайн дураараа авсан, үүнээс гарч байгаа тухайгаа Сөүл бас урьдчилан мэдэгдсэн, ийм болохоор энэ хэлэлцээрийг зөрчиж байгаа зүйл байхгүй юм. Өөрөөр хэлвэл Өмнөд Солонгос улс олон улсын эрх зүйн хэм хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Гэхдээ хууль ёсны алхам бүр зүй зохистой байдаггүй. 2001 оны хэлэлцээрээс Өмнөд Солонгос улс гарч байгаа явдал нь бодит хэрэг дээрээ тус улсад өөрт нь нилээд хор уршигтай болж мэдэх юм.

Үйлчилгээний хүрээ нь нэмэгдэж байгаа өмнөд солонгосын шинэ пуужингууд нь түүний хөрш Хятад, Япон, Орос улсуудын ихэнх нутагт тусах бүрэн боломжтой юм. Эдгээр пуужингууд нь зөвхөн Умард Солонгос улсын эсрэг чиглэгдсэн бөгөөд бусад хөрш улсуудад огт хамаагүй гэж Сөүл мэдэгдэж байгаа. Харин цэргийнхэн иймэрхүү амлалтад их л итгэл муутай ханддаг болсон юм. Тэд улс төрийн мэдэгдлийг биш аль нэгэн системийн бодит хүчин чадлыг л үнэлдэг юм. Ийм учраас тун удахгүй Өмнөд Солонгос улс хөрш зэргэлдээ улсуудынхаа цэргийнхний онцгой анхааралын төвд орох болно.

Умард солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд шинэ баллистик пуужин бүтээх шаардлага гарсан гэж өмнөд солонгосын албаны хүмүүс мэдэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Чхон Ён-у “умард солонгосын цөмийн болон пуужингийн аюулыг сөрөн зогсохын тулд” 2001 оны хэлэлцээрийг эргэн харах шаардлага гарсан гэж шууд мэдэгдсэн байна. Тэгэхлээр өмнөд солонгосын шинэ пуужингууд Хойд Солонгос улс өдөөн хатгасны хариуд бодит хариулт өгөх өшөө авалтын хэрэгсэл болно гэсэн үг үү?

Энгийн цэнэгт хошуутай хэдэн арван баллистик пуужин тогтоон барих үр ашигтай хэрэгсэл болно гэдэгт эргэлзэх үндэслэл байгаа юм. Умард, Өмнөдын хооронд сөргөлдөөн болохоороо бүс нутгийн шинжтэй байдаг. Жишээ нь 2010 оны 11-р сард Ёнпхёндо арал дээр болсон будилианы үеэр их буу хэрэглэсэн нь хамгийн том зэвсэг байсан юм. Хэдэн арван их бууны сумны хариуд тив алагсагч пуужин ашиглана гэдэг арай чдэндсэн асуудал болох байлгүй дээ.

Баллистик пуужингууд нь шаардлага гарсан үед хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн судалгааны болон үйлдвэрлэлийн гол төвд цохилт өгнө гэж мэдэгдэж байгаа нь бас л эргэлзээ төрүүлээд байгаа юм. За яахав техинкийн хувьд энэ нь боломжтой гэж бодьё. Харин ийм цохилтын үр дүн нь л эргэлзээтэй байна. Улс төрийн байдал хурцадсан тохиолдолд тэдний цөмийн объектууд гэнэтийн дайралтанд өртөнө гэдгээс хойд солонгосын цөмийн хөтөлбөрийг бүтээгчид анхнаасаа болгоомжилж байсан юм.

Гэхдээ өмнөд солонгосын хэдхэн пуужингаас биш АНУ-ын талаас хийх өндөр технологийг бөөн давшилтаас айж байсан юм. Иймэрхүү цохилтын боломжит үр дүнг багасгах зориулалтаар умард солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг анхнаасаа бүтээсэн юм гэж шинжээчид үзэж байна.Бүх цөмийн цэнэгүүд болон задлах материалуудын нөөц нь маш сайн хамгаалсан газар доорх нөөцийн газар хадаглагдаж байгаа ба түүнийг цөмийн зэвсэггүйгээр устгахад хүндрэлтэй юм. Хэрвээ байдал эвгүйцээд хойд солонгосын цөмийн объектуудад цохилт өгнө гэдэг нь билиг тэмдэгийн асуудал л болох байх.

Ийм учраас 2001 оны хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасан нь хойд хөршөө тогтоон барихад нь Өмнөд Солонгос улсад тус болох нь юу л бол. Цэргийн талаас нь авч үзвэл алсын тусгалтай баллистик пуужин боловсруулах Сөүлийн шийдвэр нь тус улсад нэг их ашиг авчирахгүй, харин улс төрийн хор уршиг нилээд тарих байхдаа. Ингэснээр Умард, Өмнөдийн харилцаа улам түгшүүртэй болж Хойд Солонгос улсыг пуужингийн хөтөлбөрийнхөө ажил дээр хоёр дахин их эрч хүчтэй ажиллахад хүргэх болно гэдэг нь ойлгомжтой байна.