Хятадын бизнесийн ажилд хиймлээр саад тотгор учруулахгүй байхыг Хятад улс гадаадын улсуудад уриаллаа. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр энэ тухай Бээжинд мэдэгдсэн байна. Хятадын теле харилцаа холбооны Хуавэй, Зет Ти И компаниуд АНУ-ын аюулгүй байдалд бодит аюул занал учруулж байна гэж энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Конгресс мэдэгдсэн юм. Барууны ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар канадын төр засаг энэ асуудлаар түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Албан ёсны Бээжин болон эдгээр компаниуд энэ буруутгалыг няцаасан байна. “Хятадын компаниуд гадаадад үйл ажиллагаа явуулахдаа зах зээлийн хуулийн дагуу ажилладаг ба бусад улсуудад тэдний оруулж байгаа хөрөнгө оруулалт нь хоёр талын ашиг сонирхолыг хангаад зогсохгүй тус улсыг хөгжүүлэхэд оруулж байгаа маш чухал хувь нэмэр юм” гэж тэрээр Хятадын ГХЯ-ны байнгын шуурхай хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. Хоёр талын худалдааны хэлхээ холбоог хөгжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтаа талууд үргэлжлүүлэх болон талуудын ашиг сонирхолд нийцсэн хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгнө гэдэгт БНХАУ найдаж байна гэж тэр хэлсэн байна.