АНУ-ын конгресс Төрийн департаментын Дипломатын аюулгүй байдлын товчооны үйл ажиллагааг авч үзэж эхлэв. Энэ товчоо дипломат төлөөлөгчдийн газар, дипломат ажилтнуудыг хамгаалах ёстой. АНУ-ын элчин сайд Кристофер Стивенс 9-р сарын 11-нд Ливийн Бенгази хотноо амь үрэгдсэн асуудал анхаарлын төвд байна.

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс гурван долоо хоногийн өмнө бүх юмыг хэт улс төржүүлжээ. Төрийн департаментын хүчирхэг нууц хэлтсээс элчин сайд ба америкийн төлөөлөгчдийн газрыг хамгаалах талаар бүхнийг хийсэн үгүйг илрүүлэхийг конгрессын гишүүд ялангуяа бүгд найрамдах намын төлөөлөгчид оролдож байна.

Конгрессын гишүүдээс тавих асуудал үнэхээр олон. Төрийн департамент сонсгол эхлэхээс нэг өдрийн өмнө Стивенсийн амь үрэгдсэн нөхцлийг сэтгүүлчдэд танилцуулав. Тэрээр Бенгазид дипломат төлөөлөгчдийн газарт халдсны улмаас түймэрт боомиглогдож амиа алдсан аж.

Товчооны ажилтнууд мэгдэн сандарч, элчин сайдыг хараанаасаа салгаж, орон нутгийн эмнэлэгт байх үеэр нь олжээ. Гадаадад дипломат төлөөлөгчдийн газрууд сулхан хамгаалагдсан гэж АНУ-ын дипломат ажилтнууд нэг бус удаа мэдээлснийг товчоог шүүмжлэгчид дурдав. Хэргийн учир дэлхийн олон бүс нутгийн байдал хурцдсанд оршино гэж Төрийн департамент үзэж байна.

Вашингтоны гадаад бодлого улам түрэмгий болж байгаа нь АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад халдах ажиллагааг гаарулсан гэж оросын шинжээчид үзэж байна. Маш олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна гэж Оросын АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарёв хэлээд

«Миний бодоход үүний шалтгаан системийн шинж чанартай болсон. АНУ олон улсын терроризмын бай болохоос зайлсхийж чадахгүй. Хөгжиж байгаа улсуудын дургүйцлийн ба даярчлалын эринд төлөвшсэн дэлхийн дэг журамд дургүйцснээ илэрхийлэн дайрах бий болсон» гэв.

АНУ-ын Төрийн департаментын Дипломатын аюлгүй байдлын товчоо өнөөгийн байдлаараа 26 жил оршиж байна. Товчоо тагнуул, сөрөг тагнуулын ажиллагаа явуулж, гадаад улс төрийн тусгай газрын дээгүүр албан тушаалтнууд ба ирсэн төрийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнуудыг хамгаалж байна. Түүнчлэн Төрийн департаментын компьютерийн сүлжээг хамгаалж, дипломат баримт бичиг,захидал харилцааны албаны ажлыг хариуцаж, хуурамч виз, паспортыг илрүүлж байна.

Эдүгээ товчооны ажилтнууд дэлхийн 159 улсад ажиллаж байна. Товчоо 2,5 тэрбум долларын төсөвтэй. 20 жилийн дотор албаны ажилтнуудын тоо хоёр дахин нэмэгджээ. Товчоо америкийн гадаад бодлогын геополитикийн түрэмгий шинж чанарыг тусган харуулж байна. Ялангуяа өнгөрсэн зууны 70-80 -д онд товчооны тагнуул, албан хаагчдын тоо эрс нэмэгдэв.

Тэр үед Ойрхи Дорнодод АНУ-ын чиг бодлого онцгой түрэмгий шинжтэй болж, лалын радикал бүлгүүдийн эсэргүүцлийг үүсгэв. 1979 оноос 1983 он хүртэл АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад бараг 300 удаа халдаж, террорын ажиллагаа явуулжээ. 2001 онд Афганистанд, 2003 онд Иракад АНУ-ын цэрэг цөмрөн орсноос хойш лалын шашинт орнууд тус улсын дипломат ажилтнуудын хувьд «дайсагналын нутаг» болов. Бенгазид АНУ-ын элчин сайд амь үрэгдсэн хэрэг явдал мөн хандлагыг тусган харуулав.