Өнгөрч буй долоо хоногт Сири улсад болж байгаа мөргөлдөөн Түрк улстай байлдах өргөн хэмжээний дайн болж хувирах дөхлөө. Лхагва гаригт Түрк улсын зүүн өмнөд нутгийн Акчакала гацааг сирийн цэргийнхэн буудсны улмаас 5 хүн амь насаа алдаж, 9-13 хүн шархадсан байна. Үүний хариуд Түрк улс сирийн нутгийг их буугаар буудсан байна. Сири, Түрк улсуудын хил дээр ээлжит будлиан өчигдөр өглөө бас болсон байна. Түркийн хил орчмын Хатай мужид Сирийн талаас мин шидэгчийн бөмбөг унасан байна. Түркийн цэргийнхэн хариу гал нээжээ. Лхагва гаригт болсон эмгэнэлт явдлаас хойш иймэрхүү үйл явдалд онцгой анхаарал хандуулах болсон байна. Анкарагийн зэвүүцэл дээд цэгтээ хүрч, Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдагон НАТО-гийн холбоотнуудаасаа болсон үйл явдалд зохих үнэлгээ өгөхийг шаардсан байна: «Түрк улс энэ бүс нутагт дайныг биш энх тайвныг хүсэж байна. Дайн ямархуухан хор уршиг дагуулдгыг бид мэднэ. Түрк улс өөрийн ард түмэн, хил хязгаарынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах бүрэн чадвартай бөгөөд бидний тэвчээрийг шалгах шаардлагагүй. Акчакалааг буудсан нь эмгэнэлтэй тохиолдлын явдал гэж сирийн засгийн газар мэдэгдэж байна. Гэтэл Хатай мужид бас л тийм явдал боллоо шүү дээ. Өдрөөс өдөрт давтагдаад байдаг ямар гээчийн тохиолдол вэ? Энэ байдалд онцгой анхаарал хандуулахыг бид өөрийн холбоотнуудаасаа шаардаж байна» гэж тэр ярилаа.

Сирийн арми түркийн нутаг дэвсгэрийг буудсан явдлыг НҮБ-ын АЗ эрс шүүмжлээд, иймэрхүү байдлаар олон улсын хууль эрхийг зөрчих явдлаа зогсоож, хөршүүдийнхээ тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэхийг Дамаскаас шаардсан байна. Анкарагийн эсрэг “түрэмгий үй ажиллагаа явуулахаа зогсоохыг Сири улсаас шаардаж байна”, Эвсэл “Түрк улсыг бүрэн дэмжиж байна” гэх мэтээр НАТО-гийн Зөвлөл нилээд бүрэг байдалтай мэдэгдэл гаргасан байна. Холбоотнуудаасаа хүсэн хүлээсэн дэмжлэг авч чадаагүй Түрк улс өөрөө дайнд бэлтгэж эхэлсэн байна. Тус улсын парламент засгийн газарт бүтэн жилийн турш хил дамжин армийн үйл ажиллагаа явуулах мандат олгосон байна. Стратегийн үнэлгээний шинжээч Аждар Куртовын тайлбарыг сонсоё: «Түркийн удирдлагуудын хийж байгаа мэдэгдэлүүдээс нэгэн зүйл л тодорхой байна. Энэ нь зүгээр нэг дайсагнасан хоосон яриа биш юм. Хэрвээ шаардлага гарвал хил даваж, сирийн нутагт цөмрөн орж байлдааны ажиллагаа явуулах улс төрийн тушаалыг ЗХ-дээ өгч байна гэсэн үг юм. Дайн гэж юу билээ? Цэргийн түрэмгийлэл үйлдэхээсээ өмнө түркийн улс төрчид болон цэргийнхэн арав дахин бодож цэгнэн нь гэдэгт найдаж байна» гэж тэр ярилаа.

Дамаск энэ аюул заналыг сайн ойлгож, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж, ирээдүйд иймэрхүү үйл явдал гарахаас зайлсхийх болно гэж яаран мэдэгдлээ. Үүнийг хийхэд улам л хэцүү болж байна. Учир нь салан тусгаарлагчид хил хавийн нутагт бүр л идэвхижсээр байна. Өдөөн хатгаж дайн эхлүүлхийн тулд алан хядагчид, дайнчид Түркийн нутгийг буудаж байгаа гэж шинжээчид үзэж байна. Хил дээр болсон явдлын учрыг олохын тулд Сири, Түрк улсууд маш нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж ОУ-ын ГХЯ мэдэгдсэн байна. Тус бүс нутагт түгшүүртэй байдлыг намжаахын тулд Москва одоо боломжтой бүхнийг хийж байна. Дамасктай дайн хийж эхэлвэл ямар аюул учирахыг Анкара болон НАТО-д сайн ойлгож байгаа. Зөвхөн НҮБ-ын талаас мандат байхгүй байгаатай энэ нь холбоотой байгаа юм биш. Сирийн арми бол сайн зэвсэглэсэн, сайн сургалттай хүчтэй арми юм. Хэрвээ гадаадаас түрэмгийлвэл Асадын байр суурийг улам хүчтэй болгох юм. Хамгийн гол нь Түрк улс хоёр дахь фронт нээхэд хүрнэ гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Серёгичев анхааруулж байна: «НАТО-гийн тэргүүлэх орнууд болон Вашингтоны албан ёсны, шууд дэмжлэг байхгүй байгаа нь Түрк улсыг тогтоон барьж байна. Хэрвээ өөрсдөө бие даан түрэмгийлэл үйлдвэл курдуудын асуудал хурцадна гэдгээс түркүүд болгоомжилж байгаа юм. Түркүүдэд хоёр дахь фронт нээхийн тулд сирийн төр засаг ил далд ямарч байдлаар курдуудад зэвсэг нийлүүлж туслах болно. Хэрвээ түркийн түрэмгийлэл эхэлвэл сирийн удирдлагууд үүнийг ашиглан өөрсдийнхөө удирдлага дор хүн амын ихэнхийг нягтруулж чадах юм» гэж хэллээ.

Башар Асадын дэглэмтэй тэмцэж байгаа хэт даврагчид өнгөрч буй долоо хоногт өөрсдийгөө бас дахин мэдрүүлхийг оролдлоо. Алеппо хотын тэд төвд цуврал дэлбэрэлт үйлдсэн байна. Хамгийн багаар бодоход 40 хүн амь насаа алдаж, 90-ээд нь шархапсан байна. Амь насаа алдагсадын дунд цэргийхэн болоод энгийн иргэд байжээ.