Хятад улс Япон улсын эсрэг эдийн засгийн шинэ зэвсэг хэрэглэж эхэллээ. Токио хотод болох ДБ болон ОУВС-гийн жил бүрийн ээлжит хуралдаанд хятадын томоохон банкууд оролцохоос татгалзсан явдлыг ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Портяков ийнхүү тайлбарлалаа. Зүүн Хятадын тэнгис дэх арлын эргэн тойрны нутаг дэвсгэрийн маргаанаас болж хоёр талын харилцаа удаан хугацаагаар муудахын бодит шинж тэмдэг нь энэ гэж шинжээч үзэж байна.

Энэ форум нь ДБ болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын удирдагчдын намрын хуралдаантай уламжлал ёсоор зэрэгцэн явагддаг юм. Токиод болох дэлхийн банкны хуралдааныг Агрикултураль Бэнк оф Чайна, Бэнк оф Коммуникейшнс банкууд мөн Бэнк оф Чайна банк хясан боогдуулж магадгүй байна. Хятадын зарим нэг банкууд форумд оролцохоос татгалзаагүй бөгөөд харин оролцож байгаа төлөөлөгчдийнхөө түвшинг бууруулсан байна.

Сенкаку ольтрог 5 арлын 3-ыг нь японы засгийн газар худалдан авч улсынх болгосны дараа Хятад улс Япон улсад эдийн засгийн даралт шахалт үзүүлж эхэлсэн юм. Хятадын компаниуд японы түншүүдтэй хамтын ажиллагаагаа зогсоож, БНХАУ-д япон барааны худалдаа эрс буурч, японы машинууд эрэлт хэрэгцээгүй болсон байна. Токиод болж байгаа ДБ болон ОУВС-гийн дээд хэмжээний уулзалтыг хятадын банкууд хясан боогдуулж байгаа нь олон улсын талбар дээр эдийн засгийн зэвсгийг хэрэглэж байгаа анхны тохиолдол юм гэж Владимир Портяков үзэж байна: «Хятадууд өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж байгаа газрынхаа тусгаар байдлыг хамгаалахын тулд эдийн засгийн асар их хохирол амсахыг ч юман чинээ бодохгүй гэдгийг харуулж байна» гэж тэр ярилаа.

Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах төслийг Бээжин, Токиогийн харилцааны хямрал эргэлзээтэй байдалд орууллаа гэж Владимир Портяков ярьж байна: «Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд интеграцийн процесс амжилттай явагдаж байсан ба худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил ид явагдаж байсан юм. Энэ гурвалжинд багтах эдгээр улсуудын бүлэглэл нь ойрын ирээдүйд дэлхийн эдийн засгийн тэргүүлэх төв болж болох сайхан төлөв байсан юм. Харин одоо энэ бүхэн зогслоо» гэж тэр ярилаа.

Хоёр талын харилцааг сайжруулсны дараах 40 жилийн дотор бүтээн байгуулсан бүхнээ цаашид нураахаа Бээжин, Токио хоёр больвол таарна гэж шинжээч үзэж байна. Одоо сөргөлдөөнөөс аль болох зайлсхийж, харилцаагаа сэргээхийг бодох хэрэгтэй. Гэхдээ хоёр улс хоёулаа шүү дээ. Япон улсыг хортой могой хатгасан юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа юм.

Тэнд бас Хятадын дипломат төлөөлөгчийн газрын дэргэд жагсаал цуглаан болсон юм. Газар нутгийн маргааныг хойч үеийнхэндээ үлдээе гэсэн Дэн Сяопиний гэрээст буцах шаардлагатай байна. Миний бодлоор энэ арлын асуудлыг арай л эрт шийдэх гээд байх шиг байна. Японы тал өөрийн үйлдлээрээ Хятадын хатуу ширүүн хариултыг өдөөн хатгасан байж болох юм гэж тэр ярилаа.

Токиод болох ДБ болон ОУВС-гийн форумын өмнөхөн ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард Хятад, Япон улсуудыг эвлэрүүлхийг оролдлоо. Дэлхийн хоёр, гуравдугаар эдийн засагтай улсуудыг даяарчлалын өсөлт дээр илүү анхаарч, газар нутгийн маргаантай асуудлаа хойш тавихыг тэр уриалсан юм. Харамсалтай нь маргалдаанд оролцож байгаа талууд гар барьж найрамдах уриалгыг огт тоож үзсэнгүй.