“Аль-Каида”-тай дэлхий даяараа тэмцэх ёстой гэж гадаадын тусгай албад, хууль хяналтын байгууллагын удирдагчид үзэж байна. Москва хотод болсон зөвлөлгөөн дээр тэд Орос улсын Аюулгүй байдлын холбооны албатай \АБХА\ харилцан ажиллах төлөвлөгөөг хэлэлцлээ. Өөрийн улсын нутаг дэвсгэр дээр олон улсын терроризмтай тэмцэх ажилд Орос улс тодорхой хэмжээний амжилт гаргасан гэж тус байгууллагын тэргүүн Александр Бортников мэдэгдсэн байна.

“Аль-Каида”-гийн толгойлогчийг устгасан ч гэлээ энэ байгууллага оршин тогтонсоор байна. Энэ байгууллага дэлхийн хамтын нийгэмлэгт бодит аюул учруулсан хэвээрээ л байна гэж ОУ-ын АБХА-ны захирал Александр Бортников үзэж байна. Түүний гадаадын ажил хэрэг нэгт нөхдүүд ч бас ингэж үзэж байна.

Герман улсын Эрүүгийн цагдаагийн холбооны байгууллагын удирдагч Йорге Цирке ярихдаа: «Энэ асуудал бол зөвхөн Герман улсын асуудал бус бүх дэлхийн хамтын нийгэмлэгийн асуудал юм. Энэ асуудал зөвхөн “Аль-Каида”-гаас урган гарч байгаа юм.Энэ байгууллага дэлхий дахинд тэр тусмаа Европ тивд хангалттай тооны сүлжээгээ байгуулсан юм. Тэсрэх аюултай бүс нутгийн болон даяарчлалын бүтэц бий болж байгааг бид ажиглаж байна. Дэлхийн янз бүрийн бүс нутгийн хэт үзэлтнүүд асуудлыг хүчирхийлэлийн аргаар шийдэхэд бэлэн байгаагаа харуулсаар байна. Герман улс ч гэсэн олон улсын алан хядах ажиллагааны байгуулагуудын дэлхийн зорилгуудын нэг болоод байгаа» гэж мэдэгдлээ.

НҮБ-ын төлөөлөгчид ч үүнтэй санал нэг байна. Лалын хэт даврах бүлэглэлийн үйл ажиллагаа бүх дэлхийг хамарсан шинжтэй болж байна гэж НҮБ-ын АЗ-ийн Алан хядах ажиллагаатай тэмцэх хорооны дэд дарга Хардип Сингх Пури үзэж байна.

“Аль-Каида”-гийн толгойлогчийг устгаж зохих амжилтанд хүрсэн ч гэлээ энэ байгууллага бодит аюул заналтай хэвээрээ л байна. Хамгийн гол нь энэ байгууллага дэлхийн янз бүрийн улсуудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэ байгууллага Афганистан болон түүний хөрш улсууд мөн Йемен улсад ихээхэн идэвхитэй байна.

Тэд бусад алан хядах байгууллагуудтай тэр дундаа Сомали улс дахь “Аш-Шабаб” бүлэглэлтэй холбоо харилцаагаа хадгалсаар байна. Ийм учраас л “Аль-Каида” ямарч шийтгэл хүлээхгүйгээр чөлөөтэй дураараа дургих боломжтой тэр газруудад л олон улсын хамтын ажиллагааг явуулах нь маш чухал байна гэж тэр ярилаа.

Лалын хэт даврагчдын асуудал ОУ-д ч байсаар байна. Жишээ нь, Хойд Кавказд хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах ажиллагааг байнга явуулж байна. Энэ бүс нутагт хэт даврагч бүлэглэлийн олон улсын нэг ч толгойлогч бараг үлдээгүй гэж Александр Бортников “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ: «Кавказд удаан хугацаанд явуулсан ажиллагааны явцад “Аль-Каида”-гийн олон төлөөлөгчдийг устгасан юм. Одоогийн байдлаар энэ байгууллагын төлөөлөгчид, дээрэмчдийн нууц бүлэглэлийг санхүүжүүлэхэд хавсран оролцож байна. Хойд Кавказ дахь олон улсын алан хядах байгууллагын үйл ажиллагааг бид бүрмөсөн устгаж чадсан» гэж тэр хэллээ.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид маш нягт хамтын ажиллагаа шаардлагатай байна гэдэг дээр санал нэг байлаа. Алан хядах байгууллагын эсрэг хамтарсан ажиллагаа явуулах болон харилцан хамтын ажиллагааны хөтөлбөрийг ойрын ирээдүйд боловсруулахаар болсон байна.