Галт уулын дэлбэрэлт, унасан солир эсвэл харь гаригийн сансарын хөлгийн сүйрэл аль нь вэ? Манай гаригийн хамгийн таагдашгүй газрын нэг Зүүн Сибирийн Патомын галт уулын тогооны гарал үүслийн тухай маргаанд оросын эрдэмтэд цэг тавих цаг нь болсон. Ирэх жилийн хавар энэ геологийн гайхалтай газрыг судлахаар 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний экспедиц Эрхүү мужийг зорих болно.

Патомын галт уулын тогоо сибирийн тайгын дээгүүр египетийн пирамид шиг сүртэй харагдана. Нутгийн анчид энэ газрыг “Галт бүргэдийн үүр” гэж нэрлэдэг юм. Нисдэг тэрэгнээс хархад энэ 40 метрийн өндөр шохойн чулуун конус үнэхээр л асар том шувууны үүр шиг харагддаг юм. Диаметр нь 160 метр бөгөөд бараг хөл бөмбөгийн хоёр талбайтай тэнцэнэ гэсэн үг.Энэ өндөрлөгийн орой нь тэгш юм. Харин төв хэсэгт нь яг л асар том өндөг шиг 12 метрийн өндөртэй толгой байдаг байна. Ийм учраас түүнийг галт уулын тогоо шиг гэж нэрлэж болох юм.

“Галт бүргэдийн үүр”-ний гарал үүслийг тогтоохоор найман экспедиц ажиллаад байна. Цуглуулсан мэдээ баримтаас хархад энэ тогоо одоогоос 500 жилийн өмнө мөнх цэвдэгээс үүссэн байж магадгүй юм. Ийм өвөрмөц хэлбэртэй газар хэрхэн үүссэн байж болох талаар Дмитрий Гладкочуб ингэж ярьж байна.

Газрын доорх ус олон жил хөлдсний улмаас гадаргуу нь товойж гарсан байж болох юм. Дараа нь цаг уур өөрчлөгдөж дулаарангууд дотор нь байсан мөс хайлсан байх. Тэгээд энэ товгорын төв хэсэг нь доошоо сууж ийм хэлбэрийг үүсгэсэн байх гэж тэр хэллээ. Патомын галт уулын тогоо одоо ч хэлбэр нь өөрчлөгдөж байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Үүнийг батлахын тулд энэ өндөрлөгийн хэд хэдэн газарт нь тусгай датчикуудыг байрлуулсан байна.

Хэрвээ эрдэмтэд ирэх жил энэ тогооны хэлбэр өөрчлөгдснийг үзвэл энэ тогоо амьдарч байна гэсэн үг. Ирээдүйн экспедицийн үед хэд хэдэн шинэ шинжилгээ судалгаа хийхээр төлөвлөөд байна. Орчин үеийн аппаратуудын тусламжтайгаар картерын 1,5 километр хүртэлх гүнийг судлаж түүний бүтэцийн тухай үнэн зөв мэдээг олж авах боломжтой юм.

Патомын галт уулын тогоог 1949 онд геологч Вадим Колпаков олж илэрүүлсэн юм. Тэр цагаас одоог хүртэл “Галт бүргэдийн үүр”бүх дэлхийн эрдэмтэдийн хорхойг хүргэсээр байна. Одоогийн байдлаар Эрхүү мужийн засаг захиргаа энэ геологийн өвөрмөц сонин газарт тусгай хамгаалалтын бүс байгуулах асуудлыг шийдэж байна.