Тэрбумтан Бидзина Иванишвилийн “Гүржийн мөрөөдөл” сөрөг хүчний эвсэл намын нэрсийн жагсаалтаар Гүржийн парламентын сонгуульд ялалт байгууллаа. Протоколын 12%-ийг тоолсон дүнгээр “Гүржийн мөрөөдөл” 54%-ийн санал авч парламентын сонгуульд тэргүүлж явна гэж тус улсын СЕХ-ны сайтан дээр өнөөдөр мэдээлсэн байна. Эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” сонгогчдын 41%-ийн санал авч 2-рт орсон байна. Гүржийн парламентын сонгуулийн үеэр ямар нэгэн зөрчил илрээгүй гэж Гүрж улсын СЕХ-ны дарга Зураб Харатишвили өчигдөр орой хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдсэн байна. Сонгогчдын идэвхи маш өндөр 60%-тай байсан гэж тэр хэлсэн байна. “Гүржийн мөрөөдөл” сөрөг хүчний тэргүүн Бидзина Иванишвили өөрийн талынхандаа баяр хүргэсэн байна. Сөрөг хүчин дор хаяхад 100 суудал буюу парламентын депутатын мандатын гуравны хоёрыг авна гэж тэр үзэж байна. Одоохондоо сонгуулийн дүнг тоолож байна, бүх зүйл тодорхой болоход хэдхэн цаг үлдээд байна гэж Гүрж улсын ерөнхийлөгч Михаил Саакашвили мэдэгдсэн байна. Тэгэхдээ “Гүржийн мөрөөдөл” сөрөг хүчний эвсэл намын нэрсийн жагсаалтаар ялалт байгуулсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Харин нэг мандаттай тойргуудад эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” ялалт байгуулсан байна. “Одоо маш сайн тооллого хийсний дараа парламентад хэн нь ихэнх болох нь харагдах тийм л дүр зургыг бид одоо харж байна. Харин сонгууль болсон гэдэг нь тодорхой байна гэж” Саакашвили хэлсэн байна.