Москва хотын төв дэх Пушкины талбайд Россия нэртэй хөгжмийн театр нээгдлээ. Бүрэн хэмжээний сэргээн босголтод хамрагдсан энэ байшин “Москвагийн Бродвей” гэдэг нэртэй болох ба оросын нийслэлийн хөгжмийн квартал болох юм. Энэ театрт 10-р сарын 6-нд “Русалочка” буюу “Загсан сүүлт бүсгүй” гэдэг мюзикл нээлтээ хийх юм.

Хөгжмийн шинэ театр нь Москва хотын түүхэн хэсэгт байгаа ба хотын хамгийн алдартай байшинд байрласан юм. Зөвлөлт засгийн жилүүдэд 90-ээд оны сүүлч хүртэл тэнд алдартай “Россия”кино театр байрлаж байсан ба сүүлд нь түүнийг “Пушкинский” гэж нэрлэсэн юм. Энэ домогт кино театр нь шинэ киноны нээлтийн москвагийн төв байгаад зогсоогүй Москвагийн Олон улсын кино наадмыг явуулдаг газар байсан юм. Өнөөдөр “Россия” гэдэг хуучин нэрээ эгүүлэн авч дахин шинээр сэргэлээ.

Хөгжмийн театрийн нээлт баяр ёслолын байдалтай боллоо. Энэ нээлтэд соёл урлагын зүтгэлтнүүд оролцоод зогсоогүй Москва хотын дарга Сергей Собянин хүрэлцэн ирсэн байна. Нээлтийн ёслол дээр энэ төслийг зохиогчид “Россия” кинотеатрийн түүхийг 1961 оноос өнөөгийн өдрийг хүртэл дүрслэн үзүүлэж танилцуулсан байна. Харин өнөөдрийн “Россия” бол киноных биш театрийнх юм. Энд жинхэнэ театрийн хувцасны өлгүүр, хөгжмийн жүжгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон зохих бусад зүйлийг бүрдүүлж өгсөн юм.

“Россия” театрийн сэргээн засварлалтыг асар богино хугацаанд хийсэн юм. Доод болон дээд механизмтай тайз, оркестрын нүхийг байгуулсан ба танхимын акустикийг сайжруулсан, салхивч, кондишны болон галын аюулгүй байдлын системийг шинээр хийсэн, тайзны арын дэд бүтэцийг шинээр байгуулсан зэрэг ажлуудыг хагас жил хүрэхгүй хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Шинэ танхим 1750 хүний суудалтай юм.

Энэ танхимын хажуугийн суудлаас ч тайз бүрэн харагдах байдлаар хийсэн байна. Хажуугаар нь явдаг хэсгийг баарны үйлчилгээнд өгсөн байна. Кинотеатр байх үеээс хадгалагдан үлдсэн суудлын хажуугийн попкорны тавиурыг хэвээр нь үлдээсэн байна. Энэ шажигнасан амттан энд байхгүй учир нь танхимд юм идэхийг хориглосон юм. Бродвей, Вест-энд-ийн уламжлал ёсоор мөхөөлдөс, усыг зөвхөн официантууд л санал болгох юм.

Энэ театрт ойр байгаа нутаг дэвсгэрийг ойрын үед өөрчлөн байгуулахаар төлвөлөж байна. Энэ төсөл одоохондоо өргөн олонд мэдэгдээгүй байна. Харин Москва хотын даргын зарлигаар уран барилгачид, газар байдлын дизайнерууд аль хэдийн ажилдаа орсон байна. Үүний зэрэгцээ Пушкиний талбайтай холбогдож байгаа цэцэрлэгт гудамжуудыг бас сэлбэн өөрчлөх юм байна. Нийслэлийн засаг захиргааны үзэж байгаагаар энд соёл театрийн квартал байгуулагдах юм.

“Россия” москвагийн мюзклийн анхны байнгын театр боллоо. Тун удахгүй энд олон төрлийн хөгжмийн жүжгүүдийг үзэж болох юм. Харин яг одоо “Загсан сүүлт бүсгүй” мюзиклийн найруулагчид үзэгч олноо усан доорх ертөнцөд умбуулахаар яарч байна. Үүний тулд тэд жүжигчдийг толгой эргэм өндөрт нисгэж сургаж байна. Яг л усан дор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх тайз засалтыг тэд бодож олсон байна. Шинэ театрт болох анхны мюзиклийг хүссэн хүн бүхэн үзэж болох ба тэд театрын энэ улиралд бүхэлд нь үзэгчдээ баярлуулах шийдвэр төгс байна.