Өнөөдөр Хятадад Күн зийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. Хятадын сэтгэгч, гүн ухаантан Күн зи манай эрний өмнөх 551 он орчимд түшмэлийн гэр бүлд төржээ. Күн зийн сургааль хятадын сэтгэл зүй, гэр бүлийн дэг ёс төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулав. Хятадын эртний гүн ухаантан энэрэнгүй, эх эцэг, эрх баригчдыг хүндэтгэх, эргэцүүлэн бодох үнэн шудрага зэрэг ариун цагаан сэтгэлтэй хүний зан төлөвийн гол шинж чанарыг тодорхойлжээ. Күн зийн сургааль Хятадад Хань удмын хаадын үед төрийн үзэл суртал болов. Дараа нь хятадын соёл иргэншлийн хосгүй дүр төрхийг төлөвшүүлж, хятад маягийн амьдралын үндэс болсон юм. Күн зи нас нөчснөөс хойш нэг жил өнгөрсний дараа манай эрний өмнөх 478 оноос хойш Хятадад их сэтгэгчийн дурсгалыг хүндэтгэх ёслол үйлдэж байна. БНХАУ-ыг зарлан тунхагласнаас хойш буян үйлдэх ёслолыг 1984 онд сэргээв. 2007 оноос бүх улсын статустай болгожээ. Күн зид зориулсан ёслолын үеэр их сэтгэгчийн буян үйлдэж, Күн зийн сургаалийн асуудлаар их хурал зарлан хуралдуулж, түүний нэрэмжит шагнал гардуулдаг.