Палестин, Израилийн хоорондын санал зөрөлдөөнийг арилгаж, цэрэг зэвсэггүй Палестин улс цогцлон байгуулах шийдвэрийг олоход Израиль бэлэн байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын ЕА-н чуулган дээр мэдэгдлээ. Үүний хамт тэрээр Израиль улс үүрд оршихыг цугларагсдад батлан илэрхийлэв. Израилийн ард түмэн өөрийг нь устгахыг оролдсон бүх дарангуйлагчийг ялсан гэж Нетаньяху мэдэгджээ. Энэ нь Израиль улс Ойрхи Дорнодод бат бэх  үндэс язгуургүй учраас дэлхийн газрын зургаас үгүй болно гэж саяхан мэдэгдсэн Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад өгсөн нэг ёсны хариу боллоо. «Одоогоос 3000 жилийн тэртээ Давид хаан Еврейн улсын төрийн тэргүүн байсныг» Израилийн ерөнхий сайд дурдав.