Муаммар Каддафи тамлан зовоогч, завхай хүн. Францийн сэтгүүлч Анник Кожаны номонд Ливийн Жамахирийн тэргүүнийг ингэж дүрсэлсэн байна. Түүний бичснээр Каддафи нууц татвар эмсүүдтэй байсан ба тэдний дотор сургуулийн эмэгтэй сурагчид байсан байна. Энэ юу вэ? Дарангуйлагчийн тухай аймшигтай үнэн үү? Эсвэл арабын орнуудын эсрэг явуулж байгаа Барууныхны ээлжит мэдээлэлийн аян дайн уу?

“Каддафигийн татвар эмсүүдийн дундах хохирогсод” нэртэй номоо Анник Кожан Ливи улсын түлхэн унагаагдан алагдсан дарангуйлагчийн бэлгийн харилцааны гэмт хэрэгт зориулсан байна. Каддафи өөрийгөө ”Аав Каддафи” гэж дуудуулах дуртай байсан ба тэрээр үзэшгүй муухай гаж донтон байсан ба хүчирхийлэл түүний хувьд өдөр бүрийн жирийн үзэгдэл байжээ. Тэрээр баяр ёслолын үеэр олж харсан таалагдсан насанд хүрээгүй охидуудыг хулгайлуулж татвар эмсүүдийнхээ дунд оруулдаг байсан мэдээ цуглуулсан материал дотор байгаа юм.

Хурандааг биечлэн мэддэг байсан хүмүүс энэ шуугиан тарьсан материалын талаар сэтгэгдлээ бичиж байна. Бурхан болсон Каддафигийн нэр хүндийг унагаах гэсэн анхны оролдлого энэ бишээ гэж тэд ярьж байна. Ливийн тэргүүн амьд байх үед нь энэ илчлэх материалуудаа гаргаж байхгүй яасан юм бэ? гэж Каддафигийн найз, оманы улс төр судлаач, зохиолч Али Бин Масуд ёгтлон асууж байна.

«Тус улсын удирдагчийг алсан этгээдүүдэд түүний биеийг устгасан нь багадаад одоо түүний ёс сутрахууныг нь устгах нь дутаад байгаа юм байна л даа. Тэгэхлээр Муаммар Каддафигийн хэн ч эргэлзэхээргүй хүчирхэг зан, нуграшгүй ёс суртахуун түүний амьд байснаас нь илүү айлгаж байгаа юм байна. Ёстой л үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчийн үлгэр болж байх шивдээ. Тийм учраас тэд эхлээд түүнийг алсан, одоо Муаммар Каддафигийн тухай сайн сайхан зүйлийг хүмүүсийн ой тойноос арилгахыг хүсэж байгаа юм байна» гэж Али Бин Масуд хэллээ.

Энэ номыг гарсны дараа Франц улсад ч эрс шүүмжилж байна. Өнгөрсөн жил Ливи улсын эсрэг явуулсан НАТО-гийн үйл ажиллагаа нь ливийн ард түмнийг “аврах цорын ганц арга байсан” гэдэгт бүх францчуудыг итгүүлж чадаагүй юм. Зэрлэг аргаар алагдсан Каддафигийн эсрэг чиглэсэн шинэ номыг түүнийг түлхэн унагаахыг идэвхитэй сурталчилж байсан ОНХМХ-үүд рекламдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж “Сеть Вольтар” олон улсын мэдээлэл, мэтгэлцээний порталын тэргүүн Тьерри Мейссан үзэж байна.

«Жишээ нь “Ле Монд” сонин хууль бусаар хөндлөнгөөс ливийн хэрэгт зэвсэглэн оролцохыг тухайн үедээ дэмжиж байсан юм. Ливийн энэ гайтай дайнаас болж 160 мянга орчим хүний амь насыг бүрлэгсэн юм. Зөвхөн Триполийг эзлэн авах НАТО-гийн ажиллагааны явцад 40 хүн амь насаа алдсан юм. Хуурамч мэдээлэл тараах өргөн цар хүрээтэй кампанит ажилд “Ле Монд” сонин идэвхитэй оролцож байсан ба одоо дайн дууссны дараа өөрийнхөө байр суурийг хамгаалахыг хөөрхийлөлтэйгээр оролдож байгаа юм. Хурандаа Каддафи улс орноо удирдаж байхдаа ямар нэгэн ноцтой алдаа гаргаагүй учраас одоо түүний хувийн амьдралаас нь ямар нэгэн зүйл олж авахаар шийдсэн бололтой. Өөрийнхөө эрхэм нэрийг хамгаалах ямарч боломж үлдээгүй хүнийг доромжлох л үлдээ шив дээ» гэж Тьерри Мейссан тэмдэглэлээ.

“Дарангуйлагч” гэдэг нэр томьёонд хүмүүсийг олноор нь хүйс тэмтэрсэн үйл ажиллагааг хамруулдаг тэгвэл үүнийг барууны олон удирдагчид хамруулж болно. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “америкийн ашиг сонирхолын бүсэд” хамаардаг орнуудын ирээдүйн амь насаа алдах хүмүүсийн тоог тодорхойлдог ажлын зөвөлгөөнд өглөө бүр оролцдог гэж өөрөө нээлттэй мэдэгдэж байгаа. Европын улсуудын төрийн тэргүүнүүд Ливи улс руу цэргээ илгээхдээ тэдний ажиллагаанаас болж энгийн номхон хичнээн иргэд амь насаа алдах бол гэж бодож үзэж байсан бол уу?

Эрт дээр үеийн дайны явцад ч маш их эсэргүүцэл үзүүлсэн хотыг газрын хөрстэй тэгшилж л байсан. Энэ хотын тухай дурсамж ч үлдээхгүйн тулд тэр газры нь хагалдаг байсан юм. Харин орчин цагт дайн гэдэг зөвхөн газар дээр ч биш, агаарт, усан дээр бүр мэдээлэлийн орон зайд болж байна. Өөрсдөдөө ашигтай дурсамжийг үлдээхийн тулд Барууныхан өнөөдөр мэдээлэлийн орон зайг ч “хагалахыг” оролдож байна.