Үр тариа үйлдвэрлэгч гол улс орнууд ган гачигт нэрвэгдсний улмаас дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ эрс өсөн нэмэгдэж байна. АНУ-ын байдал нэлээд хүнд боллоо. Зуны ер бус халуун ургацын үлэмж хэсгийг устгажээ. Гэсэн ч эрх баригчид үр тарианы экспортыг хязгаарлах гээгүй. Мөн алхам дэлхийн зах зээлийн байдлыг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Оны үр дүнгээр дэлхийд хүнсний инфляци таамагласнаас нэлээд давж мэднэ. Учир нь Австрали, Бразили, Энэтхэг, Орос зэрэг хөдөө аж ахуйн тэргүүлэх бүс нутаг ган гачигт нэрвэгдэв. АНУ-д үйлдвэрлэл унаж, тухайлбал эрдэнэ шишийн ургац багассан явдал зохисгүй нөлөө үзүүлнэ. АНУ-ын хөдөө аж ахуйн экспортод давамгайлж байгаа энэ ургамал мал аж ахуйн гол төрлийн тэжээл болсон. Эдүгээ дэлхийд мах, сүүний бүтэгдэхүүний үнэ өсөн нэмэгдэв. Оны дундуур үнийн сарын өсөлт 5 хувиас хэтрэв. Цаашид өсөн нэмэгдэх байх гэж шинжээчид тэмдэглэжээ.

Үр тарианы ургацын уналт ч зохисгүй хор холбогдолтой болж мэднэ. Үр тарианы үйлдвэрлэлээр тэргүүний байр эзлэж байгаа АНУ хохиролоо мэдээлээгүй. Тодорхой бус байдал улаан буудай нийлүүлэх хэлэлцээрүүдийн тоог эрс нэмэгдүүлэв. Нөөц түүний дотор Оросын нөөц үр тариа байдлыг хэвийн болгоход туслана. Гэвч энэ онд ган гачигаас болж нөөц үр тарианы хэмжээ багассан гэж эдийн засагч Никита Масленников тэмдэглэн хэлээд

«Энэтхэгээс дэлхийн зах зээлд бараг 4 сая тонн үр тариа гаргаж болзошгүй. Бусад улс тус тус 1 сая тонн гаргаж мэднэ. Энэ онд Оросын экспортын чадавхи сул дорой байна. Ургацын талаархи таамаглалыг байн байн доошлуулж байна. Бид 73 сая орчим тонн үр тариа хураана. Дотоодын хэрэглээний баланс 71 сая орчим тонн» гэв.

Гэвч хямралт байдалд орсон гэж зарим шинжээч үзэхгүй байна. Ган гачиг ба түүнтэй холбогдон үүссэн зах зээлийн донсолгоо улиран өнгөрдөг үзэгдэл гэж «Агропром» компанийн ерөнхий захирал Алексей Дюмулен тэмдэглэв. Ийм үзэгдэл дунджаар дөрвөн жилд нэг удаа гардаг. Дашрамд хэлэхэд чухам 2008 онд ган гачигийн уршгаар сүүлийн арван жилд хамгийн хүнд хүнсний хямрал гарсан. Эдүгээ үр тариа дутах тухай бүх үг яриа улс төрийн зальт ажиллагаатай холбоотой байж болно гэж Дюмулен тэмдэглэн хэлээд

«Миний бодоход Аргентин, АНУ-ын байдал эрс доройтохгүй. Үр тарианы дутагдлыгг зориуд үүсгэж, арабын орнуудад шахалт үзүүлэхийг оролдож магадгүй. Энэ нь улс төрийн нэгэн арга хэрэгсэл болж мэднэ» гэв.

Ган гачигт нэрвэгдсэн ч үр тарианы экспортыг хориглохгүй гэж Оросын эрх баригчид мэдэгдлээ. 2010 онд ган гачиг ургацын хэмжээг эрс багасгасан учир экспортыг хориглосон билээ. Өнөөгийн байдал экспортыг хориглоход хүргэхгүй гэж засгийн газар тэмдэглэв. Тэгснээрээ Орос улс дэлхийн үр тарианы зах зээлийн тэргүүлэх этгээдийн нэгий хувьд байдлыг тогтворжуулахад туслана. Түүнээс гадна эрх баригчид үр тариа их хэмжээгээр гаргах механизмыг ашиглан дотоодын зах зээлд үнийг хямруулах нөөцтэй байна.

Орос улс дэлхийн зах зээлд үр тариа үргэлж гаргахын хамт хүнсний аюулгүй байдлыг хангах өөр арга хэмжээг ч санаачлав. Тухайлбал Москва үр тарианы ОПЕК гэгч өөрөөр хэлвэл нийлүүлэгч, худалдан авагчийн харилцааг зохицуулах олон улсын системийг байгуулахыг байнга уриалж байна. Түүнээс гадна Орос улс дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах хамтын номнолыг боловсруулахыг шаардав. Ийм баримт бичиг зохицуулах механизм ба хожмын эрсдлийг агуулах ёстой. Дэлхийн үр тарианы нөөцийн санг байгуулах санал бас дэвшүүлжээ.