ОУ-д гарффитийн мастерууд аажмаар хууль ёсны болж байна. Дөнгөж саяхан л байшин, хашааны хана, гарааш дээр элдвийн зураг зурах хориотой байлаа. Харин одоо үзэшгүй муухай хашаа, ханан дээр гоё зураг зуруулж хотынхны сэтгэл санааг дээшлүүлхийн тулд хотын захиргааныхан тэднийг өөрсдөө гуйдаг боллоо.

Удаан хүлээсэн уран бүтээлийнхээ эрх чөлөөгөө олж авсан зураачид маань өндөр сэтгэгдэлтэйгээр ханцуй шамлан ажилдаа орлоо. Тэдний дунд граффити-сонирхогчид ч байна, гудамжны зураачдын хувиар өөрийгөө сорьж үзэх гэсэн мэргэжлийн тайз засалчид ч байна. Одоо тэд цаасны оронд хэдэн арван метр тоосгон юм уу бетонон ханан дээр зурах болно. “Цаасан дээр зурна гэдэг хязгаарлагдмал талбай олдож байна гэсэн үг. Харин хана гэдэг бол чи өөрийн санасан бодсон бүхнээ гаргаж чадах хягааргүй том талбай юм” гэж тайз засалч, шинэхэн граффитист ярьж байна.

Олон жилийн туршлагатай гудамжны зураачийн сэтгэл сансар огторгуйд халин нисэж байна. Урьд нь граффитистуудыг эвдлэн сүйтгэгчтэй зүйрлэдэг байлаа, харин одоо ханан дээр зураг зурсны төлөө зураачийг залхаах биш бүр талархадаг боллоо. Олон хотуудад тэдэнд зориулан арт-наадам зохион байгуулдаг болжээ. Үүний нэгийг нь Москвад зохион байгуулсан байна.

Энэ наадмын хүрээнд хотын үзэшгүй муухай болсон газруудад стрит-артын мастерууд яруу тод зургуудыг зурсан байна. Москвагийн ирээдүйг хэрхэн харж байгаагаа өөрийнхөөрөө харуулах боломжийг хотын захиргаа зураачдад олгосон байна. Тэдний зоримог туршилтуудад зориулж байшингуудын булан, хашаанууд, салхивчны люкууд, дулааны станцууд, газар доогуурх гарц зэргийг санал болгоод байна.

Гудамжны зураачид зөвхөн нийслэл хотод эрх чөлөтэй болоогүй юм. Бусад хотуудын захиргаа ч хотын онцгүй объектууд дээр хурц өнгийн гоё зураг зуруулахыг хүсэж байна. Жишээ нь, Екатеринбург хотод төмөр замын тээврийн удирдлагууд болон граффитистуудын тэмцэл эвлэрэлээр дууссан байна. Хотын төмөр замын буудлын асар том байшингийн ханыг тэдэнд санал болгосон ба тэд өөрсдийн зүгээс төмөр замын сэдэвтэй хэд хэдэн эскизийг үзүүлсэн байна.

ОУ-ын өмнөд нутгийн Краснадор хотод граффитийн ээлжид наадам болж гудамжны зураачид олон давхар орон сууцны гурван байшингийн ханан дээр зураг зурж хотынхныг баярлуулсан байна. Уралын Челябинск хотын өдрүүдэд зориулан стрит-артын мастерууд хэд хэдэн хуучин трамвайн дээр зураг зурсан байна. Энэ жилийн 7-р сард Татарстаны нийслэл Казань хотод Европ тивд хамгийн томд орох граффитидүүдийн наадам болсон бөгөөд гудамжны зураачид төмөр хашаанаас эхлээд эргийн чулуун хана хүртэл хотын олон янзын обьектууд дээр зураг зурсан байна.

Стрит-артын хууль ёсны урлаг ОУ-д дөнгөж хүчээ авч эхлэж байна. Маш олон хотуудад граффитид зориулж хамгийн олон янзын обьектуудыг гаргаж өгч байна. Тэдний зарим нэг нь гудамжны урлагын жихэнэ сор бүтээл болж байна. Зарим нэг зурагны дэргэдүүр хүн анзааргагүй өнгөрлөө ч гэсэн түүнийг насан туршдаа санах болно. Үүнээс илүү шагнал гэж гудамжны зураачид байхгүй бизээ.