Дамаскад сөрөг хүчин «Сири улсыг аврахын төлөө» бага хурлыг зарлан хуралдуулав. Аядуу бодлогтой сөрөг хэдэн байгууллагыг нэгтгэсэн Үндэсний зохицуулах хорооноос түүнийг зохион байгуулсан юм.

Бага хуралд оролцогчид хүч үл хэрэглэх эсэргүүцлийн төлөө байгаагаа илэрхийлээд түүнийг зорилгодоо хүрэх стратеги хэмээн зарлав. Зорилго нь эрх баригч дэглэмийг сольж, ардчилсан төр улс цогцлон байгуулахад оршино. Бага хуралд оролцогчид эвлэршгүй зэвсэгт бүлгүүд түүний дотор Сирийн чөлөөт армид хандан байдлыг ийнхүү дүгнэж нэгдэхийг уриалжээ.

Гэвч эвлэршгүй сөрөг хүчний төлөөлөгчид тэдний саналыг тоомсорлохгүй гэж шинжээчид үзэж байна. Илүү их үүрэг гүйцэтгэж байгаа улайрсан хэт даврагчид эгнээнд нь байгаа учир сөрөг хүчин нэгдэж чадахгүй байна. Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко хэлэхдээ

«Сөрөг хүчнийг нэгтгэх төлөв алга гэж үзэж байна. Лалын радикал үзэлтэй байгууллагууд уг чанараасаа болж бусадтай нэгдэж чадахгүй. Тэд ямар нэг толгойлогчоо хүрээлэн нэгдэж байна. Шашин шүтлэгийн төлөө жинхэнэ ганц тэмцэгч хэмээн өөрсдийгөө үзэж бусад байгууллагтай нэгдэхгүй байна. Бид ийм үйл явцыг Иракад ч Алжирт ч ажигласан. Гэвч ямар нэг байгууллага тусдаа ивээн тэтгэгчтэйг харгалзах хэрэгтэй. Хэсэг байгууллагыг Саудын Арави, өөр хэсгийг Катараас ивээн тэтгэж байна. Зарим байгууллага Сирийн нийгэм үүсэл гаралтай. Тэд гадаадаас ирсэн этгээдүүдийг булаан эзлэгч хэмээн үзэж байна» гэв.

Энэ зун гарсаар Сирид Ливи, Афганистан, Алжир, Ирак зэрэг улсын иргэдээс бүрэн бүрэлдсэн бүлгүүдийн тоо хэд дахин өсөн нэмэгдэв. Ийм нөхцөлд сөрөг хүчинд цоо шинэ зэвсэг нийлүүлэх нь аюултай болсныг өрнөдийнхөн хүлээв. Гэвч зэвсэг худалдагчид ба сөрөг хүчний ивээгчид үүнийг тоомсорлохгүй байна. Тэд Башар Асадыг огцоруулахын тулд ямар ч хэрэгсэл хэрэглэхээс буцахгүй байна гэж Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов хэлээд

«Миний бодоход энэ хүчин зүйл орчин цагийн зэвсгийн нийлүүлэлтийг зогсоохгүй. Гэвч сөрөг хүчний янз янзын зэвсэгт бүлэг улс төрийн зорилгодоо хүрч чадахгүй. Өөрөөр хэлвэл хүч хэрэглэх замаар Башар Асадын дэглэмийг түлхэн унагаж чадахгүй гэж бодож байна» гэв.

Сирийн сөрөг хүчин хагаран бутрасан байна. Дамаскын эсрэг байлдан дайтаж байгаа бүлгүүд үзэл суртал, шашин, угсаатны их ялгаатай. Хүч нөлөөтэй удирдагч ч сөрөг хүчинд алга. Энэ нь сөрөг нэгдсэн засгийн газрыг эмхлэн байгуулах тухай ярихад эртдэнэ гэсэн үг. Ийм засгийн газрыг эмхлэн байгуулахыг өрнөдийнхөн уриалсан билээ.