Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд «сансрын алмаз эрдэнэ» гэгчийн орд газрын нууцыг тайлав. Эдгээр алмаз эрдэнэ ерийнхээс хоёр дахин хатуу байна.Орд газар Сибирьт Красноярск хязгаар, БНСаха Улсын хязгаарт оршино. Одоогоос 35 сая жилийн тэртээ бий болсон 100 км голчлол бүхий солирын цар энд оршдог.

Оросын геологчид ер бусын шинж чанартай маш хатуу алмаз эрдэнийг энд бүр 1970-ад онд илрүүлжээ. Ерийн алмаз эрдэнээс хоёр дахин хатуу эрдэнэ өөр бүтэцтэй. Тэд сансрын биет унах үеэр талст чулуулаг хайлсны үр дүнд бий болсон юм.Гэвч тэр үед манай орон хиймэл алмаз эрдэнэ үйлдвэрлэхийг илүү сонирхож байсан. Иймээс маш хатуу алмаз эрдэнийг судлах ажлыг хойшлуулж, орд газрыг нуун далдалжээ.

Одоо эдийн засгийн хэрэгцээ өөрчлөгдэж, маш хатуу алмаз эрдэнэ шаардагдав. Алмаз эрдэнийн зах зээлд эргэлт гарч болзошгүйг анхны судалгааны үр дүн харуулсныг мэргэжилтнүүд тэмдэглэв. Сибирийн чулуулгад агуулагдсан хэт хатуу алмаз эрдэнийн нөөц дэлхийд олж илрүүлсэн ийм ерийн эрдэнийн нөөцээс хэд дахин их байна.

Гэвч эдгээр алмаз эрдэнэ эрдэнийн зүйлсийн үйлдвэрлэлд таарахгүй гэж геологчид мэдээлэв. Харин багаж хэрэгсэл ба чулуу зүсэх, өрөмдөх салбарт нэг ёсны хувьсгал хийж болзошгүй. Сибирийн алмаз эрдэнийн өнгөлөх чанар хиймэл ба байгалийн алмаз эрдэнээс нэлээд их байгааг эрдэмтэд бүр 1970-д оны сүүлээр илрүүлжээ. Энэ нь тэдгээрийг хиймэл алмаз эрдэнэ хэрэглэж байгаа аж үйлдвэрийн бүх салбарт илүү амжилттай ашиглана гэсэн үг.

Ийм хэт хатуу алмаз эрдэнийг дэлхийд илрүүлээгүй. Өнөөгийн байдлаар дээрх солирын цард ийм алмаз эрдэнийн хоёр орд газрыг олжээ. Нэг орд газар 7 тэрбум карат, нөгөө нь 140 тэрбум карат нөөцтэй гэж үнэлсэн байна. Дэлхийн ерийн алмаз эрдэнийн бүх нөөцийг 5 тэрбум каратаар үнэлснийг харьцуулан үз л дээ. Эдүгээ дэлхийд техникийн хиймэл алмаз эрдэнийн хэрэглээг авч үзвэл хэт хатуу алмаз эрдэнийн нөөц 3 мянган жилд хүрэлцээтэй гэж эрдэмтэд дүгнэв. Ойрын үед эрдэм шинжилгээний анги тийшээ очиж эдгээр алмаз эрдэнийн орд газруудыг шинжлэн судлах юм.