Оросын засаг төрийн 1150 жилийн ойд зориулсан баяр ёслол Их Новгородод болж байна. Ойн баярын гурван өдрийн хөтөлбөр өргөн хүрээтэй. Янз бүрийн үеийн түүхийн үйл явдлуудыг эртний хотын гудамж талбайд сэргээн үзүүлж байна. Түүнчлэн урлагийн наадмыг нээж, үзэсгэлэн гаргав. «Русь» бүлгийн нисэгчид Волхов гол дээр нисэх онгоцны том шоу үзүүлэх юм.

Он дараалсан бичгүүдээс үзэхэд 862 оны 9-р сарын 21-нд эртний славянууд Их Новгородын ван болохыг Рюрикийн урисан аж. Оросын ирээдүйн нэг угсааны хаадын үндэс тавигч чухам ямар улс гаралтай байсан нь тодорхой биш байна. Хэн нэгэн Дани буюу Шведийг дурдаж байхад славян хүн байсан хэмээн бусад нь үзэж байна. Ямар байсан ч тэр үед Европт ойр хоорондын дайсагналыг арилгахын тулд ванг харийн нутгаас уриж байсан юм. Үндэслэн байгуулсан өдөр ёс төдий байна. Юу гэвэл төр улс тэр даруй байгуулагдаагүй.

Гэвч ой эх угсаагаа мэдэхэд туслаж байна гэж Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Андрей Сахаров хэлээд: «Бид зөвхөн Рюрик биш Оросын засаг төрийг бий болгож хөгжүүлж, төлөвшүүлэхэд их хувь нэмэр оруулсан Рюрик овгийн хаадад хандаж байна. Москвагийн төр улс, хаант улс, Романовынхны түүхийг илүү сайн мэдэхээр эх үүсвэрдээ хандаж байна. Эд бүхэн харилцан холбоотой. Бид оросын засаг төрийн үндсэн үеийг ерөнхийд нь авч үзэж байна» гэв.

Оросын засаг төрийн ойд зориулсан хамгийн тансаг ёс төртэй баяр ёслол 1862 онд Их Новгородод болсон юм. Тус хотод 11 Александр хаан «Оросын мянган жилийн ой» хөшөөг нээжээ. Энэ онд Новгородын Кремль ойн баяр ёслолын гол талбай болно.

«Рюриково балгас» үзэсгэлэн Новгородын музей-дархан цаазтай газарт нээгдэв. Түүхэн балгас Оросын засаг төрийн өлгий болжээ. Хожим Новгород Оросын анхны БНУлс болов. Улс төрийн бүх асуудлыг Новгородын оршин суугчдын хурлаар хэдэн зуун жилийн турш шийдвэрлэж ирсэн юм. Иймээс Их Новгородыг ардчиллын өлгий гэж болно. Өнөөдөр Оросын засаг төрийн 1150 жилийн ойн баяр ёслол галын наадмаар төгсэнэ.