Сеулийн их сургуулийн профессор Андрей Ланьковын «ОДХ» радиод зориулан бичсэн өгүүллэгийг сонсогчдынхоо анхааралд толилуулая. Сүүлийн өдрүүдэд Умард Солонгосоос ирсэн хүмүүстэй олонтаа уулзаж ярилцлаа. Тэд тус улсад бизнес эрхлэж буюу төлөөлөгчдийн газруудад ажиллаж байна. БНАСАУ-д болж байгаа үйл явдал гайхал төрүүлж байна. Ялангуяа түшмэдийн зан үйлд өөрчлөлт гарсан гэж тэд ярьцгаав.

Эдгээр шируун зантай хүмүүс олон жилийн турш өмнөд солонгосын буюу өөр улс орны оршин суугчидтай харилцахдаа Их Удирдагч Маршал Ким Чен Ир болон «чучхе» үзэл санаанд хязгааргүй үнэнч байгаагаа аль байдгаараа харуулахыг хичээж ирсэн юм.

Гэвч одоо дийлэнх олонхи нь Пэктусан уулын сур жавхалант гурван жанжин болон тэдний солонгосын ард түмэнд авчирсэн зол жаргалын тухай өгүүлэхгүй байна. Умард Солонгос сүүлийн 100 жилд үзэгдээгүй үерт нэрвэгдсэн учир бидэнд хүмүүнлэгийн тусламж нэн даруй үзүүлэх хэрэгтэй гэж одоо тэд ярихгүй байна. Түшмэд ийн үг ярианы оронд түншүүддээ ажил хэрэгч санал дэвшүүлж байна.

Зарим санал нэлээд хачин юм. Түүнээс гадна умард солонгосын түншүүд чухам ямар хэмжээний хөрөнгө оруулалт ор үндэстэй байгааг тэр болгон ойлгохгүй байна. Гадаадынхан бүгд баян. Хувийн хоёр сая хөрөнгөө жишээ нь эмийн уламжлалт ургамал тариалах фермэд оруулах нь тэдний хувьд амар хэрэг хэмээн умард солонгосын олонхи түшмэл үзэж байгаа шиг байна. Ялангуяа залуу түшмэд гадаадын түншүүдийг идэвхтэй эрэж байна. Тэд бусдаас илүү их урамтай.

Умард Солонгост бүгд 9-р сарын 25-нд болох Ардын дээд хурлын чуулганыг хүлээж байгаа нь тод зүйл. Чуулганаас чухал шийдвэр гаргана гэж ярьцгааж байна. Эдгээр шийдвэр «капитализмын өнгө аястай» болж мэднэ гэж Пхеньянд бие биеэдээ шивэгнэн мэдээлж байна.

Эд бүхэн тухайн үед ЗХУ-д шинэтгэл явуулж эхлэсэн үеийнхтэй төстэй. Тэр үед үйлдвэрлэл эрхлэхийг зөвлөлтийн олон түшмэл бас идэвхтэй оролдож байсан. Зарим нь үл бүтэх хийсвэр төслийг гадаадынханд санаачилж байв. Намын боловсон хүчний нөөц- коммунист залуучуудын эвлэлийн ажилтнууд тэр үед бизнесийг их сонирхов. Тэд коммунист үзэл сурталд итгэхгүй байв. Коммунист залуучуудын эвлэл намын алба хаших анхны үе шат байсан учир эвлэлд элсэж байсан. Өөрөөр хэлвэл коммунист залуучуудын эвлэлийн идэвхтэн албан тушаал ахих зорилгоор юунаас ч буцахгүй ухаантай зоримог хүн байлаа.80-д онд ийн эвлэлийн буюу намын ажилтан 90-д оны бизнес эрхлэгч болж амархан хувирсан юм.

Одоо Умард Солонгост адил төстэй үйл явц эхэллээ. Умард Солонгосын түшмэд зах зээлийн нөхцөлд дадаж дассан зөвлөлтийн түшмэдийн амжилтыг давтаж болзошгүй. Тэд энэ зорилгоор «чучхе» үзэл санаагаас татгалзах ёстой. Харин намын ба эвлэлийн байгууллагын ажилтнууд энэ үзэл санаанд хэзээ ч итгэхгүй байв. Тэд улс орноо хяналтдаа байлгаж, Умард Солонгос Дорнод Германы хувь заяаг давтахаас сэрэмжлэх хунд түвэгтэй зорилтыг арга буюу биелүүлэх ёстой.