Шинэхэн “Рено” машин, Пьер Ришарын цоо шинэ кино эдгээр бол Благовещенск хотод 9-р сарын 15-23-ны хооронд болж байгаа “Амар мөрний намар” кино, театрийн оросын 10-р наадмын үзэгчидэд амалсан бэлэг билээ.

Бэлгээ автал бас л хол байна даа. Наадмын сүүлчийн өдрүүдэд шагналыг гардуулах юм. Францын инээдмийн киноны од Пьер Ришар 9-р сарын 22-нд ирэх бөгөөд тэр үед л түүний оролцон тоглосон шинэ киног үзүүлэх юм. Энэ инээдмийн кино нь “Хэрвээ бид хамт амьдарсан бол яанаа” гэсэн нэртэй юм. Тус хотын хүүхнүүдийн улиангар модны үр болон цэцгийн дэлбээгээр сэтгэл гарган урласан түүний хөргийг киноны нээлтийн үеэр Ришарт гардуулах юм байна. Хоёр дахь бэлэг болох “Рено” маркийн машин наадмын хаалтын дараа өөрийн эзнээ олох юм. Энэ сугалаанд оролцохын тулд азтай тасалбарыг л худалдаж авсан байх шаардлагатай юм.

Энэ жилийн “Амар мөрний намар” наадмын кино, театрийн уралдаанд 13 кино, 12 жүжиг оролцож байна. Уралдааны кинонууд дотор “90-ээд оны аймшигийн” тухай инээдмийн “Марцефаль”, Антон Чеховын амьдралын тухай харуулсан “Поклонница”, уран зохиолын үйл явдлууд хүний амьдралд хэрхэн нэвтрэн орж ирдэг тухай “Өгүүллэгүүд”, зэрэг бүтээлүүд байна.

Хамгийн их хүлээж байсан, “оросуудын амьдралын тухай мөнхийн инээдмийн кино” гэж шүүмжлэгчдийн үзэж байгаа Авдотья Смирновагийн “Кококо”киног үзүүлээд байна.Харин театрийн хөтөлбөрт Островский, Толстой, Куприн, Вампилов, Шиллер, де Локло зэрэг сонгодог зохиолчдын жүжиг зонхилож байна.

Энэ наадмын хүрээнд нэртэй жүжигчдийн уран бүтээлийн үдэшлэг болох ба “Амар мөрний намар”-ын оролцогчид, зочдын хувьд уламжлал болсон Хятад улсад аялах сүүлчийн аян бас болох юм. Благовещенск хот нь орос, хятадын хил дээр байдаг тул Хятад улс руу аялах нь амархан асуудал юм.

Амар мөрнөөр дамжин хятадын хамгийн ойрын суурин хүрэхэд 800 метр юм. Тэгэхдээ л бас хөөрхөн зарлага гарах юм. “Амар мөрний намар” наадмын ерөнхий продюсер Антон Калюжный энэ талаар ярихдаа: «Бид мөнгө олдоггүй, манай наадам зарлагаа л нөхдөг юм. Хятадад олон хүнтэй төлөөлөгчид очих онгоцны зардал, буудлын зардал зэргийг зарсан тасалбарынхаа үнээс л гаргадаг юм» гэж тэр хэллээ.

“Амар мөрний намар” наадам нь гадаадын оролцогчид байж болох, байх ч ёстой, оросын нээлтэй наадам гэсэн статустай юм. Харин гадаадынхан одоохондоо шүүгчдийн дунд л үзэгдэж байна. “Амар мөрний намар” наадмыг олон улсын форум болгож, оросын кинонуудыг Азийн орнуудад нийлүүлэх талбар болгохыг зохион байгуулагчид нь зорьж байна.