Орос улсад хойд солонгосын төлөх ёстой 11 тэрбум долларын өрийг зохицуулах тухай хэлэлцээрт ОУ, БНАСАУ гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд Сергей Сторчак мэдэгдсэн байна. ЗХУ-аас Пхеньяний зээлсэн өрийн тухай асуудлыг талууд дөрвөн жилийн өмнө идэвхитэй хэлэлцсэн боловч эцсийн шийдвэр гаргаж чадаагүй юм. Өрийн хагасийг цайруулах боломж байж болохыг ОУ үгүйсгээгүй бөгөөд үлдсэн хэсгийн хугацааг сунгах буюу хөрөнгө оруулалтын маягаар дарж болох асуудлыг тавьж байсан юм. Рублийг долларт шилжүүлэх тооцоог дахин хийсний дүнд нийт өрийн дүнгээс 90%-ийн анхан шатны хөнгөлөлт үзүүлэж болох юм гэж Сторчак тайлбарласан гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Үлдсэн 1 тэрбум гаруй долларын хэмжээтэй өрийг БНАСАУ-д боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх хамтарсан төслийн хүрээнд “өрийг тусламжийн хүрээнд” схемийн дагуу цайруулах юм байна.