“Лалууд буруугүй” киноноос болж үүссэн лалуудын эсэргүүцлийн давалгаа даяарчлалыг хамарсан цунами болж хувирлаа. АНУ-ын ЭСЯ-ыг дайрсан дайрлага Герман, Их Британи улсуудын дипломат төлөөлөгчдийн газруудыг дайрч одоо Израиль улсын ЭСЯ-д ойртож байна. “Барууныхны эсрэг халуурал” нэртэй цунами Африк, Ойрхи Дорнодын халуун цэгээс Ази тив рүү шилжлээ.

Үүний хариуд АНУ хамгаалалтын байдалд орохоос өөр аргагүй боллоо. Тэд Нигери улс болон Лагост байгаа мөн Баруун Европын хэд хэдэн оронд байгаа ЭСЯ-даа яаралтай хаалаа. Босогчдын гарт АНУ-ын элчин сайд амь үрэгдсэн Ливи улсад байгаа дипломат ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд Пентагон тэнгисийн явган цэргээ байрлууллаа. Энэ улсын эргийн ойролцоо америкийн нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоцыг байрлуулаад байна. “Америкийн эсрэг халуурал” эрт орой хэзээ нэгэн цагт лалын ертөнцөд дэлбэрэх байсан гэж улс төр судлаач Станислав Тарасов үзэж байна: «Бенгазид америкийн элчин сайдыг алсан явдал бол үнэхээр эмэгнэлтэй явдал юм. Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь лалын ертөнцөд АНУ-ын явуулж байгаа бодлогын үр дагавар юм. Энэ бодлогоос болж Ирак улсад сая гаруй хүн алагдаад байна. Америкийн цэргүүд Афганистаны энгийн номхон иргэдтэй тийм ч сайн харьцахгүй байгаа. Ливид өөрчлөлт ямар үнээр бий болсныг бид сайн мэдэж байна. Харин тэр үеэр барууныхан дуугүй л байсан шүү дээ» гэж тэр ярилаа.

Лалын орнуудад болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн, эвдрэл сүйтгэл бол маш сайн найруулсан өдөөн хатгалга гэдэгт улс төр судлаач Станислав Тарасов итгэлтэй байна. Шашинг оролдох л юм бол дайн зайлшгүй гэж шинжээчид анхааруулж байна. Хэдэн жилийн өмнө Баруун Европт “шог зургийн шуугиан” дэгдэж байсан нь анхны дохио байсан юм. “Лалууд буруугүй” кино бас л тэр шог зурагтай нэгэн адил зөнч Мухаммедийг эвгүй байдлаар үзүүлсэн нь энэ гинжний нэг хэсэг нь гэж шинжлэн судлаач Гумер Исаев үзэж байна: «Барууныхны эсрэг эсргүүцлийн оч саяхан төр засгаа өөрчилсөн орнуудад гарч байгааг та бүхэн ажигласан байх. Ийм “кино” болон иймэрхүү хаалтан доторх урлаг мэдээж хэрэг өдөөн хатгалага шүү дээ. Ийм кинонуудыг мэдээлэлийн орон зайд нээлттэй орхиж болохгүй гэдгийг төр засаг ойлгох ёстой гэдгийг энд тодорхой харууллаа. Иймэрхүү алхамын болзошгүй хор уршгийг урьдчилан харж, ойлгох ёстой» гэж тэр ярилаа.

Энэ шуугиан тарьсан киног өөрийн видеохостингоосоо хасаж өгөөчээ гэсэн АНУ-ын төр засгийн хүсэлтийг интернетийн Гугл компани хүлээж аваагүй байна. Гэхдээ ийм шийдвэр Вашингтоны гайхлыг төрүүлсөнгүй. Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, “бид энэ оронд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрхийг боогдуулж чадахгүй гэж” хэлсэн байна. Гэхдээ Гугл Энэтхэг, Индонез улсуудад энэ киног үзүүлэх хүртээмжийг хязгаарласан ба эсргүүцлийн хөдөлгөөн дээд цэгтээ хүрсэн Ливи, Египет улсуудад хүртээмжгүй болгосон байна. Энэ компанийн төлөөлөгчдийн мэдэгдснээр хязгаарлалтыг тус улсуудын хууль тогтоомжийн дагуу тогтоосон болохоос улс төрийн учир шалтгаанаас болоогүй юм. Энэ үеэр эсргүүцлийн хөдөлгөөн Ази тив рүү шилжлээ. Пакистаны Исламабад, Пешавар, Лахор, Карачи болон бусад хотуудад жагсагчид америкийн далбааг шатааж “Бурханыг бузарлагчидад үхэл”, “АНУ-д үхэл” гэж хашигарч байлаа.

Энэ бүхний дараа АНУ лалын ертөнцтэй харилцаагаа яаж сайжруулах болоо? ОУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн шинжээч Андрей Володины таамагийг одоо сонсоё: «Одоо болж байгаа энэ үйл явдал бол арабын хувьсгалын хязгаарлагдмал үргэлжлэл бөгөөд Ойрхи болон Дундад Дорнодыг цаашилбал дэлхийг бүхэлд нь жинхэнэ утгаар нь өөрчлөх эхлэл юм. Энэ нөхцөл байдал АНУ-ын хувьд их л эвгүй байгаа бололтой. Тэд арабын хувьсгалын үйл явцыг хянаж байгаа гэж хичнээн ч яриад нэмэргүй юм. Үнэн чанартаа тэд энэ үйл явдалд өөрсдөө зохицохоос өөр аргагүй болж байгаа юм. Ливи, Египет болон бусад улсуудад болж байгаа америкийн эсрэг хөдөлгөөн нь арабын орнуудын хувьд удаан хугацааны стратег боловсруулах тал дээр АНУ ядуу байгаа гэдгийг харуулж байна» гэж Андрей Володин үзэж байна. Ийм стратег байхгүй гэдэг нь өнөөдөр илт харагдаж байна, тэгэхлээр америкчууд цоо шинэ стартег боловсруулах болж дээ.