2012 оны Паралимпын наадам Лондон хотод өндөрлөлөө. Багийн нийт дүнгээрээ оросын шигшээ баг анх удаа 2-р байранд шалгарсан байна. Тэд 36 алт, 38 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн байна. Нэгдүгээр байранд орсон хятадын тамирчид 95 алтан медаль хүртсэн байна. Ялалтад хүрэх сэтгэлийн тэнхээг паралимпын тамирчдаас суралцах хэрэгтэй юм.

Паралимпын хаалтын ажиллагаа эхлэхээс хэдхэн цагын өмнө тэргэнцэртэй хөл бөмбөгчдийн тэмцээнд оросууд аврага болсон байна. Бүх тоглолтын үед тэд нэг ч удаа хожигдоогүй юм. Оросуудын хүртсэн алтан медаль бүхэн дээд амжилт болж байлаа. Жишээ нь усанд сэлэгч Оксана Савченко бүх таван зайд түрүүлж дөрвөн удаа дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Хөнгөн атлетикч Алексей Ашапатов тэргэнцэртэй тамирчдын диск шидэлтэд дэлхийн аврагын, бөөрөнцөг шидэлтэд паралимпын аврагын амжилтыг тус тус шинэчилсэн байна. Нум сумны багынхан мөнгөн медаль хүртсэн байна.

 Зарим нэг ялалт санаандгүй байсан болохоор улам ч үнэ цэнэтэй болж байлаа гэж ОУ-ын Паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев ярьж байна: «Нум сум харваачид, хөнгөн атлетикийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багынханы ялалт үнэхээр санамсаргүй зүйл болсон юм. Наадмын дүнд 102 медаль хүртэнэ гэдэг оросын паралимпын шигшээ баг чанарын шинэ түвшинд гарсан гэдгийг харуулж байгаа ба үүнийг хадгална гэдэг хүнд бөгөөд нэмэлт томоохон хариуцлага хүлээх болж байгааг харуулж байгаа» гэж тэр ярилаа.

Паралимпын тоглолтын өрсөлдөөн жил ирэх тусам улам л ширүүн болж байна. Спорт бол спорт энд хүн бүхэн л ялалтын төлөө зүтгэдэг. Тэмцээн бүр паралимпчуудын хувьд өөрөө өөртэйгээ тэмцэх тулаан юм. Зөвхөн ялалт байгуулаад зогсохгүй тахир дутуу байна гэдэг үхлийн ял биш гэдгийг бүхэнд ойлгуулах нь хамгаас чухал юм.

Цэнгэлдэх хүрээлэн багтаж ядаж байна гэдэг тамирчин хүний хувьд ялалтад хүрэх нэмэлт урам зориг гэсэн үг гэж Михаил Терентьев үзэж байна: «Энэ тоглолтыг маш амжилттай зохион байгуулсан Британи улсад бид талархаж байна. Цэнгэлдэх хүрээлэн өдөр бүр дүүрэн байсан нь бүхнийг баярлуулж байлаа. Паралимпын хөдөлгөөн гэдэг нь чухам юу юм бэ гэдгийг өдөр шөнөгүй тайлбарлаж байсан телевизийн шинэ сувгийг байгуулсан юм. Трафальгарын талбай дээр асар том зурагт байрлуулсан ба энэ талбай паралимпчуудыг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан хүмүүсээр орой бүр дүүрэн байсан юм. Энэ бол гайхалтай» гэж тэр ярьсан байна.

Лондоны тоглолт дээр паралимпчууд Бээжингийн наадмаас хоёр дахин илүү алтан медаль хүртсэн юм. Рио-де-Жанейрогийн наадам хүртэл бүтэн 4 жилийн бэлтгэл сургууль биднийг хүлээж байна. Энэ хугацаанд тамирчид зөвхөн ялалтын төлөө бэлтгээд зогсохгүй дэлхийн хүчирхэг паралимпын багуудын нэг гэсэн цолоо хамгаалах ёстой юм.

Гэрэл зураг