Сирийн асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн шинэ тусгай төлөөлөгч Лахдар Брахими, тус бүс нутаг дахь Дамаскын хамгийн ойрын холбоотон болох Иран улсад айлчилна. Сири улсад танилцах айлчлал хийснийхээ дараа тэрээр Тегеранд айлчлах байх гэсэн Иран улсын ГХЯ-ны мэдээллээс иш татан “Рейтер” агентлаг уламжилсан байна. Нэр хүндтэй алжирын дипломатч Брахими, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Сири улсын асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаныг 9-р сард солисон юм. 17 сар үргэлжилж байгаа сирийн хямралыг даван туулах ажилд ахиц дэвшил гаргахын тулд Иран улстай хэлэлцээр хийх болно гэж тэрээр урьд нь мэдэгдэж байсан юм. Тус агентлагын мэдээлж байгаагаар Брахими Иран улсад айлчлах төлөвлөгөөгөө ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехитэй хэлэлцэж тохирсон байна. Өчигдөр тэр Каирт хүрэлцэн ирсэн байна. Дамаскт очихынхоо өмнө тэрээр өнөөдөр египетийн нийслэлд АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Аль-Араби, Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси болон бусад өндөр албаны хүмүүстэй уулзах юм. Каирын уулзалт дууссны дараа Брахимигийн Сири улсад очих тов тодорхой болно.