Төгсгөлийн тунхаглалд гарын үсэг зурснаар АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Владивостокт өнөөдөр өндөрлөлөө. АНДЭЗХАБ-ын форумыг Орос улс даргалж байгаа үед 9-р сарын 2-9-нд Владивостокт АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын долоо хоног болсон юм. Энэ форумд 10 мянга орчим хүн оролцсноос 21 улсын төрийн тэргүүнүүд байсан байна.

АНУ-ын улсын өрийн асуудал, еврогийн бүсийн хямрал зэрэг асуудлууд дэлхийн эдийн засгийн “сэргэх явцыг удаашруулж байгаа” учир “санхүүгийн зах зээлийн байдал тогтворгүй хэвээрээ байна гэж” АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үзэж төгсгөлийн тунхаглалдаа тусгасан байна. Ийм нөхцөл байдалд “итгэлцэлийг сэргээж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэн хөгжүүлэх ашиг сонирхолын үүднээс харилцан мэдээлэлцэж ажиллахаар” АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын тэргүүнүүд хатуу шийдсэн байна.

“Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын хөгжлийн талаар тодорхой хэмжээний түгшүүр байгаа нь” дээд хэмжээний уулзалтын үеэр мэдрэгдэж байсан гэж төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн байна. Гэхдээ АНД бүс нутагт эерэг хандлага ажиглагдаж байна. Байдлын иймэрхүү хандлага АНДЭЗХАБ-ын орнуудын удирдагчидад эерэг сэтгэгдэл төрүүлж байна. Дээд хэмжээний уулзалтын дүнг гаргахдаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт бүх зорилтоо биелүүлсэн гэж мэдэгдлээ.

“АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн тунхаглал” дээд хэмжээний уулзалтын гол үр дүн боллоо. ОУ-ын даргалж байх үеийн форумын ажлын үр дүн үүнд тусгалаа олсон юм. Харилцан худалдаа, хөрөнгө оруулалтыг тогвортой байлгахын тулд АНДЭЗХАБ-ыг анхнаасаа байгуулсан билээ. Саад тотгорыг арилгах, хувийн өрсөлдөөн болон зах зээлийн нээлттэй байдлыг өөгшүүлэх нь энэ форумын утга агуулга юм. Энэ үйл явцыг цаашид үргэлжлүүлэх хамтын хүчин чармайлтыг идэвхижүүлэх нь маш чухал гэж ОУ үзсээр ирсэн юм. Тэгээд ч одоо бүгдээрээ даяарчлалын эдийн засаг уналтын аюулыг даван туулах болон тогтвортой өсөлтийн замд орж, удаан хугацааны өсөлтөд шилжихийг сонирхож байгаа шүү дээ.

АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын ойрын үед шийдвэрлэх ёстой үндсэн асуудлуудыг уулзалтанд оролцогчдын баталсан төгсгөлийн тунхаглалд тодорхой заасан гэж В.Путин онцлон тэмдэглэсэн байна. Эдийн засгийн янз бүрийн салбарт хамтран ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх явдлыг үргэлжлүүлэх, АНД орнуудын инновацийн хөгжилд харилцан үйлчлэх мөн хээл хахуультай тэмцэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд илэрхийлсэн байна.

АНДЭЗХАБ-ын долоо хоногийн үеэр Владивосток хотод Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалт болсон юм. Уулзалтад АНД орнуудын төрийн тэргүүнүүд болон 500 гаруй тэргүүлэх компаниудын төлөөлөгчид оролцсон байна. Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгийнхээ ихэнхийг эдийн засгийн интеграцийн асуудалд зориулсан байна.Хямралын сорилтын үеэр “бүс нутгийн эдийн засгийн интеграцийн төслүүд л ажиллаж чадсан нь” онцлог юм гэж Путин үзсэн байна.

Газар зүйн байрлалын хувьд ойр, ойрын түншүүдийнхээ харилцан ашиг сонирхолыг тооцон үзсэн, харилцан ойлголцол дээр суурилсан бүс нутгийн интеграц л чөлөөт худалдаа болон зах зээлийн нээлттэй суурь зарчмыг авч үлдэх болон бүх дэлхийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэх ч болно гэлээ.

АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Русский арал дээр хүрэлцэн ирсэн гадаад орнуудын төрийн тэргүүнүүдтэй В.Путин хоёр талын хэд хэдэн уулзалт хийсэн байна. Жишээ нь, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам улсуудын тэргүүнүүдтэй уулзсан байна. АНДЭЗХАБ-ын гишүүн улсуудын дараачийн дээд хэмжээний уулзалт Индонез улсын Бали арал дээр 2013 онд болох юм.