Хятадын нисэх онгоц тээгч хөлөг 2017 оноос нааш байлдааны бэлэн байдалд орохгүй гэж ХАЧА-ийн Тэнгисийн цэргийн флотын академийн ахлах хурандаа, шинжээч Ли Зегийн хэлсэн үг хятадын флотыг үр дүнтэй байгуулж байгаа тухай хэд хэдэн ёгт тайлбар бичих сайхан шалтаг боллоо. Энэ тайлбар нь хятадын цэргийн хөтөлбөрийн ирээдүйн тухай өгч байгаа шинжээчдийн үнэлгээнд яг тохирч байгаа юм. Хятадын нисэх онгоц тээгчид онцгой анхаарал хандуулж байгаа нь хятадын тэнгисийн цэргийн хүчийг хүчирхэгжүүлж байгаа чухал хүчин зүйлүүдээс олны анхаарлыг холдуулж байгаа гэж Стратег, шинжилгээ судалгааны төвийн шинжээч Василий Кашин үзэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр хятадын анхны нисэх онгоц тээгч буюу зөвлөлтийн үеийн “Варяг” онгоц одоогийн байдлаар туршилтын хөтөлбөрөө дуусгаж байгаа ба флотын эгнээнд 2012 онд нэгдэх ёстой юм. Хөлөг онгоцны үндсэн систем нь тохируулагдсан ба удахгүй ашиглалтад бэлэн болно. Гэхдээ л тавцангийн нисэх хүчний бүрэлдхүүн нь байдааны бэлэн байдалд орох хүртэл багагүй хугацаа шаардлагатай гэж оросын цэргийг шинжээч үзэж байна. Үүнээс гадна тавцангийн сөнөөгч J-15 онгоц болон сургалтын загвараар шинэчилсэн JL-9 тусгай онгоцны туршилтын хөтөлбөр үргэлжлүүлсээр байна. Тавцангийн нисэх хүчний нисэгчдийг газар дээр бэлтгэх хөтөлбөр хэдэн жил үргэлжилж байгаа ч гэсэн жинхэнэ нисэх онгоц тээгчийн тавцангаас нисэх буух сургалт хийхэд нилээд хэдэн жил шаардлагатай юм. БНХАУ-д боловсруулсан алсын радиолокацид үл үзэгдэх JZY-01 тавцангийн нисэх онгоцны хувьд гэвэл “Варяг” онгоц дээр байрлах ямарч боломжгүй юм. Энэ том онгоц трамплин дээрээс хөөрөх боломжгүй бөгөөд түүнийг катапультээр хөөргөх шаардлагатай ба энэ нь хятадын нисэх онгоц тээгч дээр алсын ирээдүйд бий болох зүйл юм. БНХАУ-ын хилийн шугамын дагуу ойрын ирээдүйд болзошгүй мөргөлдөөний үед нисэх онгоц тээгч хөлөг онгоц үр ашгаа өгөх нь эргэлзээтэй байгаа юм. Жишээ нь өнгөрсөн 8-р сард нийтэлсэн АНУ-ын Конгрессийн судалгаа шинжилгээний төвийн илтгэлд маш туршлага муутай багынхны жолоодох хятадын цөөхөн хэдэн нисэх онгоц тээгч хөлөг АНУ-ын флот болон нисэх хүчний хувьд хөнгөхөн зууш болно гэж бичжээ. Хэрвээ америкийн флотын эсрэг сөргөлдүүлэхгүйгээр авч үзвэл хятадын цэргийн сүр хүчний тухай ярьж болох юм. Харин хөлөг онгоц эсэргүүцэгч баллистик пуужин, шинэ далавчит пуужин дэлгэрүүлж байгаа хятадын хөтөлбөр, усанд шумбагч онгоцны флотоо хүчирхэгжүүлж байгаа зэрэг нь америкчуудыг түгшүүлж байгаа юм. Жишээ нь хөлөг онгоц эсэргүүцэгч DF-21D баллистик пуужин АНУ-ын флотын хувьд тун аюултай юм. Энэ пуужингийн толгой нь маневрлах өндөр чадвартай бөгөөд энэ нь америкийн SM-3 зенитийн пуужингийн хувьд төвөгтэй зорилт болох юм. DF-21D пуужингийн толгойг устгахын тулд SM-3 цогц пуужингуудыг хэд хэдэн цуврал туршилт хийж сайжруулах ёстой юм. DF-21D пуужинг орлуулж туршилт хийх бай ч америкчуудад одоохондоо байхгүй юм. Үр шагтай шинэ далавчит пуужингаар зэвсэглэсэн хятадын усанд шумбагч онгоцууд америкчуудын сэтгэлийг ихэд зовоож байна. Хятадын шинэ дизелийн мөн атомын усанд шумбагч хөлөг онгоцууд сүүлийн үед оросын ижил төрлийн онгоцуудаас илүү олон болж байгаа юм.

Хятадын шинэ пуужингууд болон усанд шумбагч онгоцууд усан дээрх шинэ хөлөг онгоцуудтай нийлвэл Хятадын усан хилийн хүчний тэнцвэрийг ойрын хэдэн жилд өөрчилж магадгүй байна. Харин нисэх онгоц тээгч хөлөг онгоцны талаарх төслийн тухайд гэвэл энэ хөтөлбөр нь Хятад улс өөрийн цэргийн оролцоогоо алсын далай тэнгист гайхуулах тэр үед хэрэг болох юм гэж Стратег, шинжилгээ судалгааны төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.