Иран улс Кум хотын газар доорхи цөмийн “Фордо” объектынхээ уран баяжуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Энэ тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ илтгэлд дуржээ. Уран баяжуулахад зориулсан центрфугийн тоо өнгөрсөн 5-р сард нэг мянга байснаас 2 мянга хүртэл өсчээ. МАГАТЭ Тегераныг тус улсын Парчины өөр нэг цөмийн объектэд тус байгууллагын мэргэжилтэнүүдийг үйл ажиллагаа явуулахад нь саад учруулсанд буруутгав. 2010 оноос эхлэн Иран нь 190 кг орчим өндөр баяжуулсан уран үйлдвэрлэсэн гэж илтгэлд дурдсан байна. Өрнөдийн орнууд Тегераныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэж сэжиглэж байгаа юм. Харин Иран тэдний цөмийн хөтөлбөр нь дан ганц энхийн шинжтэй гэж тайлбарласаар буй юм.