Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдахаар бэлтгэж байсан сэжигтэнүүдийн нэг Илья Пьянзиныг Украйны эрх баригчид оросын талд хүлээлгэн өгөв. Оросын телевизүүдийн уламжилж байгаагаар, Пьянзиныг Москвад авчраад байна. Бас нэг сэжигтэн Адам Осмаевын хувьд гэвэл, түүнийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Европын хүний эрхийн шүүхийн зөвлөмжөөр түр зогсоогоод байгаа аж. Украйн болон Оросын хуулийн байгууллагуудын үзэж байгаагаар, Адам Осмаев “Имарат Кавказ” үүрийг украйны Одесс хотод санаачлан байгуулж, тэргүүлж байсан. Түүнээс гадна үүрт Пьянзин болон Чечений иргэн Руслан Мадаев нар орж байжээ. 2-р сарын 4 нд Одесс хотод тусгай албаныхын ажиллагаа явуулсны улмаас олон улсын эрэлд байсан гэмт хэрэгтэнүүдийг баривчилжээ. Тэд 2012 оны 1-р сарын 4-нд Одесст дэлбэрэлт зохион явуулсанд сэжиглэгдэж байгаа . Өмнө нь НҮБ-ын Дээд комиссарын удирдах газрын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Киевд дахь төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, Осмаев Украйнаас улс төрийн орогнол хүссэн гэж байсан. Гэвч Осмаевын иргэний эхнэр /албан ёсоор батлуулаагүй /Амина Окуева мэдэгдэхдээ, Украины цагаачлалын алба түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэжээ.