Та бүхэн манай нэвтрүүлгийн “Орос орноор тавтай морилно уу?” булангийн энэ удаагийн дугаараар дархан цаазат “Бородино“-гийн музейн тухай хүлээн авч сонсоно уу?

Өнөөдөр бид Оросын эртний музейнүүдийн нэг, дархан цаазат Бородиногийн талд байгуулагдсан цэргийн түүхийн музейг танилцуулах болно. Тус музей Москва хотоос баруун хэсэгт 120 км зайд оршдог бөгөөд нийт 11 га талбай газар үйл ажиллагаагаа явуулдаг томоохон үзвэр үйлчилгээ, соёлын байгууллага юм. Музейг 1839 оны 8-р сарын 26-нд байгуулжээ.

Бородины талбай бол орос үндэстний хувьд түүхт газар билээ. Энд 1812 оны 9-р сард нэрт жанжин Михаил Кутузовын командлалын дор оросын арми Францын аугаа их хаан Наполеон Бонапартын армитай ширүүн тулалдсан юм. 300 мянган цэрэг, 1200 их буу оролцсон ийм хэмжээний том тулалдаан урьд өмнө дэлхийн дайны түүхэнд гарч байгаагүй юм. Энэ тулаанд Оросын цэргүүд францын армийн дайралтыг тэсч гарсан төдийгүй тэдэнд ихээхэн хохирол учруулсан. Бородины талбай нь эдүгээ хүртэл энэ тулаааны түүх болсон галт зэвсгийн үрлэн сум, гранатын хэлтэрхийг хадгалсаар ирсэн юм.

1839 онд Бородиногийн түүхэнд онцгой үйл явдал болсон юм. Оросын II Николай хаан 150 мянган цэргийн жагсаалын өмнө оросын армийн гол хамгаалах өндөрлөгүүдийн нэг дээр эх орныхоо төлөө алтан амиа алдсан баатарлаг цэрэг эрсийн гэгээн дурсгалд зориулан хөшөө босгож аравнайлжээ. Мөн эзэн хааны зарлигаар хөшөө дурсгалыг харж хамгаалах харуул манаатай болгож, зочид гийчдэд тулалдааны талбарт болсон явдал болон олдсон үзмэрүүдийг үзүүлж байх зорилгоор хөшөөний бэлд ахмад дайчдад зориулсан байрыг барьж байгуулжээ.

Ширүүн тулалдаан болсон энэ газар дээр Спассо-Бородины сүмийг барьж барилгыг тойруулан ихэнхи үзмэрүүдийг байрлуулжээ. Ингэж энэ музей төрсөн түүхтэй...

1941 онд оросын алдар гавъяаны талбар болсон энэ газар дахин ширүүн тулалдаан болсон. Улаан Армийн цэргүүд Гитлерийн армитай хийсэн цус асгаруулсан тулалдаанууд мөн энд болжээ. Ингэж Бородины талбар хоёр дахь удаагаа оросын түүхэнд орсон юм.

1941 онд их бууны сум болон бөмбөгдөлтүүдийн улмаас эндхийн хөшөө дурсгал багагүй хохирол амссан юм. Тэр үед музейн барилгыг германчууд галдан шатаасан ч орос цэргүүд үзмэрүүдийг аварч чадсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Бородины талбайн төв музейн барилга байгууламжийг сэргээн засварласны дараа үзмэрүүд урьдын байрандаа буцаж иржээ.

«Бородины талбай дээр 1812 оны үеийн хамгаалалтын байгууламжууд, 1941 оны Эх орны дайны үеийн байгууламжууд хадгалагдаж ирсэн. Одоо тус музейн дархан цаазтай газар нутаг дээр байгалийн объектуудаас бүрдсэн хосгүй түүхэн дурсгалууд болон үзэсгэлэнгийн үзмэрүүдийг байрлуулжээ. Музейн захиргаанаас Бородины түүхт тулалдааны 200 жилийн ойд зориулан орос- францын армийн тулалдааны үеийн үзмэрүүдийг сэргээн засварлах төлөвлөгөө боловсруулж, тусгай үзмэр ч бэлтгэжээ. Сонирхуулахад, музейг үзэхээр Хятад, АНУ-ын жуулчид их ирдэг» гэж музейн ажилтан Лариса Березовая ярьж байна.

Музей байрлах дархан цаазтай энэ газарт ирсэн хүмүүст хөшөө дурсгал, түүхэн дурсгалт газрууд, үзмэрүүдийг үзэх аялалын тусгай хөтөлбөрөөр үйлчилдэг. Үзэгчид хамгийн гол үзмэр болох орос-францын армийн тулалдааныг өгүүлэх «Бородино-аваргуудын тулалдаан”-ыг үзэх дуртай.

Үзэсгэлэнд Бородины тулалдаантай холбоотой түүхэн эд зүйлс, жишээ нь тухайн үеийн армийн цэрэг офицерийн дүрэмт хувцас, армийн туг дарцаг, одон медаль болон бусад шагнал, тулалдаанд оролцогсдын хувийн эд зүйлс, баримт бичгүүд болон газрын зураг, талбайгаас олдсон гар бөмбөг, бөмбөгний хэлтэрхий, сум тавигджээ.

Мөн өөр нэгэн сонирхолтой үзмэрийн дэргэдүүр өнгөрөөд явахын аргагүй аж. Энэ бол Бородины талбай дахь “Дайн ба энх”романы баатарууд юм. Үзмэр зочид буудал байсан Спасо-Бородины сүмийн байшинд байдаг бөгөөд чухам энд 1867 онд Лев Толстой дэлхийн уран зохиолын сонгодог бүтээл болох “Дайн ба энх” түүхэн романыхаа наполеоны дайны тухай хэсгийг бичиж байжээ.

“Дайн ба энх” романы Бородины тулалдаанд зориулсан бүлгүүдийг зохиолч нилээд олон удаа дахин дахин бичиж байжээ. Тэрээр байлдааныг үнэн бодитоор дүрслэн бичихээр зориуд Бородинод ирсэн байлаа. Тэрээр “хагас зуун жилийн өмнө зуу гаруй мянган хүн алтан амиа алдсан энэ газраар явж, тэмдэглэл хийж, байлдааны төлөвлөгөө зурж байсан аж. Гэрэл, график зургууд болон Толстойн гар бичмэлүүд, тулалдааны талбараас олдсон олдворууд зэрэг нь энэ романыг бичих урьдчилсан ажлын тухай өгүүлнэ.

”Урьд өмнө байгаагүй тулалдаан”-ы тухай дараагийн танхимд өгүүлэх аж. Танхимд 1812 оны 8-р сард Бородины тулалдаанд орсон түүхэн хүмүүс болон романы баатруудын зохиомол дүрүүдээр дүүрчээ. Армийн ерөнхий командлагчид болох Михаил Кутузов болон Наполеон Бонапарт нарын хөрөг зургууд байна. Ханаар дүүрэн түүхэн хүмүүсийн хөргүүд байдаг.Дэргэд нь романы хэсгээс иш татсан байх юм.

Дараагийн үзмэр нь дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын тухай өгүүлэх аж. Үзэсгэлэн Спасо-Бородины сүмийн барилгуудын нэгд байрлах бөгөөд энд 1941 онд хээрийн госпиталь байрлаж байжээ. 1941 оны 10-р сард Бородины талбайд Улаан Арми Москваг эзлэхээр улайрсан германы фашистуудыг зургаан хоног барьсан юм. Баримт бичгүүд, гэрэл зургууд, түүхэн үнэт зүйлсүүд, улаан армийнхны эд зүйлүүд нь дайны энэ үеийг ямарч үгнээс илүү өгүүлэх аж.

Гэхдээ үүгээр музейд үзэж болох зүйлүүд дуусч байгаа юм биш шүү. Бяцхан үзэгчдэдээ зориулан “Цэргийн уран сайхны тоглоом”-ын үзмэрийг дэлгэн харуулсан байна. Маш олон төрлийн үзмэр тэдний сонирхлыг их татах аж. Дайны сэдэвтэй мод, шавар, шаазан, гипс, төмрөөр цутгаж хийсэн цэргийн бяцхан дүрсүүд байлаа. Танхимын төвд Бородины тулалдааны хэсгээс харуулсан гайхалтай сайхан зураг байна. Хүүхдүүд аяллын яг энэ хэсгийг үзэх дуртай байдаг .

Музей дээр түүхэн үйл явдалд зориулсан ажлууд олон зохиогддог. Жил бүрийн 9-р сарын эхний ням гаригт олон мянган хүн Бородины талбай дээр ирж “Бородины өдөр”-т оролцохыг эрмэлздэг. Баярын оргил хэсэг нь 1812 оны цэрэг-түүхийн тулалдааныг үзүүлсэн тоглолт байдаг. Энэхүү нөсөр тоглолтонд оролцогчид нь цэргийн–түүхийн клубуудийн гишүүд бөгөөд тэд оросын өнцөг булангуудаас төдийгүй гадаад орнуудаас хуран цуглардаг юм. Тэд өөрсдийн гараар хийсэн хувцас хунараа өмсч, зэр зэвсгээ барин Бородины тулалдааны хэсгээс тоглож үзүүлдэг.

Мөн жил бүрийн 5-р сарын 9-нд аугаа их ялалтын баяраар Бородинод ахмад дайчдыг урьж уулзалт зохион,хорооны тугнуудыг олонд үзүүлж, амь үрэгдсэн цэрэг дайчдын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлдэг.

Жил бүрийн 5-р сарын сүүлийн ням гаригт хүүхдийн “Хатуужилтай тугалган цэрэг” цэрэг-түүхийн наадмыг зохион явуулдаг. Энэхүү баяр нь хичээлийн жил дууссаны дараа болж байгаа өвөрмөц нэгэн баяр юм. Хүүхдүүд энэ үеэр 1812 оны Бородины тулалдааны театрчилсан тоглолт үзэж, орос-францын армийн хээрийн ахуй байдал, хувцаслалт, зэр зэвсэгтэй танилцдаг. Мөн тэдэнд тэр үеийн цэрэг, цэргийн дарга нарын хувцсыг өмсөж үзэж, цэргийн кааш амтлах боломж олддог юм.

1941 оны намар Бородинод болсон үйл явдлын дурсгалд зориулан тус музей жил бүрийн 10-р сард “Бидний ард Москва байгаа” цэрэг-түүхийн сэргээн засварлах ажлууд явуулдаг юм.

Дашрамд дурдахад, музей үзэхэд хамгийн сайхан үе бол жил бүрийн 5-р сарын 9-ний өдөр, 5-р сарын сүүлийн ням гариг, мөн 9-р сарын эхний ням гариг, 10-р сарын хоёрдахь ням гаригуудад болдог театрчилсан тоглолт юм. Гэхдээ бусад өдрүүдэд ч энд ямар нэгэн арга хэмжээ заавал зохиогддог.

Бородиногийн цэрэг-түүхийн музейн үзэсгэлэн, үзмэрүүд байнга шинэчлэгдэж байдаг. Энэ жилийн 9-р сарын 7-нд Бородины талд 1812 оны түүхт тулалдааны 200 жилийн ойг ёслон тэмдэглэх гэж байна. Тэнд маш том, гайхалтай шоу тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байна. Түүхэн ойн жилд Бородины цэргийн түүхийн музейн дархан цаазтай энэхүү газар нэг сая орчим хүн ирэх төлөвтэй байна. Та бүхнийг урьж байна.