Орос улсын аюулгүй байдлын зөвлөл дэлхийд цэнгэг усны хомсдол гарах тохиолдолд үүний эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөөг бэлтгэж байна. Усны хомсдолыг манай гаригийн хоёр тэрбум хүн өөр дээрээ мэдрээд байна. Орос улсын иргэд тэдний тоонд ороогүй юм. Гэхдээ дэлхийн ундны усны эх булагууд эрс цөөрч байгаа нь Орос улсыг “усны аюулгүй байдлын” стратегийг боловсруулахад хүргэж байна.

Эрчим хүчний нөөцийн төлөө тэмцэл нь ойрын үед усны төлөө тэмцлээр солигдож байна. Сүүлийн хоёр жилд дэлхийд 20 сая гаруй хүн ундны усны хомсдлоос болж өөрийн орон гэрийг орхиж явжээ. “Усны цагаачид” нь цэргийн мөргөлдөөний улмаас дүрвэсэн хүмүүсээс илүү тоотой байна. Тиймээс “усны дайны “заналхийлэл нь нилээд бодит юм гэж “Watermap- Орос улсын усны газрын зураг ” төслийн зохион байгуулагч Андрей Войнов тэмдэглээд

«НҮБ ийм төрлийн мөргөлдөөнүүдэд 25-30 жилийн таамаг дэвшүүлдэг. Энэ утгаараа хурцадмал байдал үүсгэх эх сурвалжууд нь Африк, Ойрхи-Дорнод байна. Африк тивд энэхүү тулгамдсан асуудал нь маш хурцаар тавигдаж, ингэхдээ уг бүс нутаг өөрөө нилээд ядуу дорой, буурай хөгжилтэй. Гэтэл энэ утгаараа дорно-дахин илүүтэй аюултай байгаа нь хачирхалтай юм. Ихэнхи томоохон хотуудыг тэнгисийн усыг цэвэршүүлснээр барьж байгуулсан. Гэтэл энэ бол маш их зардал шүү дээ. Цэнгэг усны байнгын эх булаг нь алтны үнэтэй» гэв.

Гэтэл усны асуудал тулгараагүй тийм улс орнуудад сөрөг хандлагууд гарч эхлээд байна. Тэнд цэвэр ус багасч, чанараа алдаж байна гэж Оросын ШУА-ийн усны бодлогын хүрээлэнгийн дэд захирал Александр Гельфан тэмдэглээд

«Дэлхий дахинд усны хомсдол хурцдаж байгаа бөгөөд мэргэжилтэнүүд дэлхийн усны хямралын тухай ярих нь олонтоо болжээ. Эрдэмтдийн дүгнэж байгаагаар, дараагийн арван жилийн сүүлээр дэлхийн аж ахуйд эдийн засгийн хувьд боломжтой усны бүх нөөцүүдийг татаж хамруулна. Мэдээж хэрэг үүнд Бразиль, Канад болон Орос улсууд орохгүй» гэлээ.

Орос, Канад, Бразил улсууд нь өнөөдөр дэлхийд цэнгэг усныхаа нөөцөөр тэргүүлж буй юм. Тэд үүнд зөв зүйтэй хандснаар бүх нийтийг аварч болох юм. Үүний тулд улс орнуудын дунд ус татах хоолой тавих хэрэггүй бөгөөд лонхтой усны наймаа ч хийх шаардлагагүй юм. Усны хэмжээний нэг хэсгийг үйлдвэрлэх үүргийг л өөртөө хүлээж болох юм.

Жишээ нь нэг тонн азотын хүчлийг үйлдвэрлэхийн тулд 180 шоо метр цэнгэг ус шаардагдах бөгөөд нэг тонн хөвөн даавуу үйлдвэрлэхийн тулд нэг мянга хүртэл шоо метр ус шаардагдана. Эдийн засгийн болон байгалийн нөөцийг хэмнэх үүднээс цэнгэг усны нөөц ихтэй газар их хэмжээний үлйдвэрлэлийг явуулах нь зүйтэй юм. Ингэхдээ экологи болон ирээдүй хойч үеэ хэрхэвч мартаж болохгүй юм. Орос улсын аюулгүйн зөвлөлийн төлөвлөгөө нь эдгээр зүйлүүдийг тусгах ёстой гэж шинжээчид үзэж байна.