Өнөөдөр хөгжмийн хөтөлбөрт Орос улсын ардын жүжигчин Валерий Леонтьев  ая дуугаа өргөнө.

Оросын эстрадын нэрт дуучин түүний тухай “тэр дандаа загварын дунд юм уу, эсвэл загварын гадна “явдаг гэж ярьцгаадаг. Дөч шахам жил тэр үзэгч олныг өөрийн цог жавхлан, тайзны ер бусын жүжиглэлтээрээ байлдан дагуулж ирсэн. Одоо тэр 60 гарч байна. Гэвч тайзнаа  урьдын адил эрч хүчтэй, гайхамшигтай  хэвээр .

Жүжигчний тухай “тэр мөнхийн аялагч” гэж ярих нь олонтоо. Үнэхээр түүний бүхий л амьдрал Орос улсыг хөндлөн гулд явж, дараа нь дэлхийн орнуудаар айлчлан тоглолтууд хийхэд зориулагдсан .

Валерий Леонтьев 1949 оны 3-р сард Орос улсын Баруун-хойд хэсэгт байдаг Бүгд найрамдах Коми улсад төржээ. Тэр хөгжмийн сургуулийг төгөлдөр хуурчын ангиар дүүргэснийхээ дараа хөгжмийг ихэд сонирхох болсон. Гэвч түүний хувь заяа өөрөөр эргэж, тэр уул уурхайн дээд сургуульд орж суралцжээ. Тэр урлаг уран сайханд идэвхитэй оролцдог  байв. Нэгэн удаа тэр уралдаанд түрүүлж, Москвад суралцахаар томилолт авчээ.

Энэ үед дуучин залууд нэрт хөгжмийн зохиолч Давид Тухманов маш их тус хүргэснийг тэр одоо болтол санан дурсдаг. Тэр хоёрын уран бүтээлийн холбоо Леонтьевт олон улсын алдар нэр авчирсан. Валерий Леонтьев Болгарын “Алтан Орфей” уралдаанд Тухмановын “Тэнд 9-р сард“ дууг дуулж “Гран-при” шагнал хүртсэн. (Дуу)

80-аад оны эхэн үеэр Валерий Леонтьев нэрт хөгжмийн зохиолч Раймонд Паулсын дэмжлэгийг маш их авч байсан. Одоо та бүхэнд энэ хоёр уран бүтээлчийн “Зүрхний хиртэлт” дууг сонсгоё.(Дуу)

80-аад оны эх, 90-ээд оны эхэн үед Леонтьев Орос улсаар айлчлан тоглолтуудаа амжилттай хийсэн. Үүний дараа тэр Энэтхэг, Монгол, Израиль, АНУ, Канад зэрэг орнуудад айлчлан тогложээ.

Леонтьев оросын шоу-бизнесийн хамгийн их тод оддын нэг юм. Тэрээр вокал, бүжиг болон жүжиглэлтийг тайзнаа гайхамшигтай хослуулж чадсан ховор авъяасаараа орчин үеийн ихэнхи дуучдаас ялгардаг юм.

Манай өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг  Валерий Леонтьев “Намайг чи бүү мартаарай ! “ дуугаар өндөрлөж байна. (Дуу)