Москва хотноо анх удаагаа гудамжны театр, урлагийн “ Нэгэн удаа цэцэрлэгт хүрээлэнд” наадам болж өнгөрлөө. Наадам гурван өдөр үргэлжилсэн бөгөөд оросын болон гадаадын жүжигчид хотын гурван цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тоглолтоо хийсэн. Илбэчид, жонглёрчид, алиалагчид москвагийнханд баяр хөөр, инээд баясал бэлэглэж байлаа. Тэдний тоглолтууд өглөө эрт эхэлж, үдэш орой дуусч байлаа.

Хамгийн сайхан тод тоглолтууд москвагийнхны хайртай Горькийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болсон. Наадмын хаалтын өдөр хотын төв цэцэрлэгт хүрээлэн алиалагчид, жонглёрчид болон илбэчдийн хаант улс болж хувирсан гэлтэй. Усан оргилуурын дэргэдэх гол тайзнаа оросын агаарны гимнастикчид гайхамшигтай хосгүй тоглолт хийв. Тэднээс холгүй италийн “Кантьере Икреа” гудамжны жүжигчдийн хөлөг онгоц зүлгэн дээр үлэмж биетэй бүжигчдийн бүлгийг буулгав. Москвагийн “Галтай хүмүүс “театр гал сөнөөгчдийн найрал хөгжмийн ая дуугаа паркийн өргөн талбайнуудаар цугларсан олонд өргөв. Хүүхэд багачууд, насанд хүрэгчид бүгд цагриг тоглож, савангийн хөөс үлээж,, жүжигчидтэй зургаа татуулж байв.

Гайхамшигтай галын наадамд хэдэн зуун жүжигчид оролцов. Энд ирсэн үзэгч олныг тоолж баршгүй. Ялангуяа, тэд наадмын хаалтын үеэр Горькийн нэрэмжит паркад маш олноороо ирсэн байлаа. Энд бельгийн “TOL” театрын тоглолт  болсон нь гурван өдрийн наадмын оргил үе байлаа. “Ангелийн зүрх” жүжигт гудамжны урлагийн бүх чиглэлийг нэгтгэсэн байлаа. Наймдугаар сарын гайхамшигтай шөнө 22 метрийн өндөрт испани охин, энэтхэг хөвгүүний сэтгэл хөдлөм хайр сэтгэлийн түүхийг харуулж байлаа. Гайхширсан үзэгч олны нүдэн дээр 4 ундаг дугуйтай 8 жүжигчинг 2 тонны жинтэй байгууламж хөнгөхөн гэгч нь агаарт өргөснөөр хосгүй сайхан баатрууд, аялгуутай дуу хуур, сэтгэл хөдлөм нислэгүүд, өнгө алагласан салют үргэлжилсэн нэг цагийн тоглолт болов.

Өнөөдөр гудамжны тоглолтууд нь хэнийг ч гайхшруулахгүй юм. Гэхдээ Москвад гурав хоног үргэлжилсэн “Нэгэн удаа цэцэрлэгт хүрээлэнд “ наадам нь тус хотын иргэдэд мартагдашгүй шинэ сайхан дурсамж үлдээсэн. Магадгүй, нэг жилийн дараа алиалагчид, гимнастууд, илбэчид оросын нийслэлийн иргэдийг өөрийн урлагтай танилцуулахаар Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд дахин урих ч юм билүү.