Лондонд Оросын шигшээ баг уран сайхны сэлэлтийн багийн тэмцээнд Олимпийн наадмын алтан медаль хүртлээ. Оросын сайхан бүсгуйчүүд хоёрт орсон хятадын эмэгтэй тамирчдыг бараг 4 оноогоор хожив. Испанийн баг хүрэл медаль хүртлээ.

Бассейнд өөрсөдтэй нь тэнцүү өрсөлдөх баг алга гэдгийг оросын уран сайхны сэлэгчид ахин нотлон харуулав. Оросын эмэгтэйчүүд бүр эхнээсээ тэргүүлэгчдийн хувьд Лондон очлоо. Оросын багийн гол өрсөлдөгч хятадын эмэгтэйчүүд үзэгч олны анхаарал татахын тулд  сэтгэл зүйн дайралт хийв. Хятадын шигшээ баг Лос–Анжелест «Дю Солей» циркийнхэнтэй хамт шаргуу сургуулилж, ер бусын үзвэр бэлтгэж байна гэж Олимпийн наадмын өмнөх жилийн турш хэвлэлээр үргэлж мэдээлж байв.

Олимпийн наадмын үеэр гайхмаар сонин дасгал үзүүлнэ гэж үүний хариуд оросын эмэгтэйчүүд амлажээ. Орос ардын хөгжмөөр зохиосон техникийн шинэ эвлүүлгийг сонирхуулав. Оросын багийн чөлөөт хөтөлбөрийг ч Олимпийн наадмын өмнө хэн ч үзээгүй байсан. Өчигдөр олимпийн «Акватик тевд» цугларсан хөгжөөн дэмжигчид оросын  сэлэгчдийн усан дээр үзүүлсэн үзвэрийг амьсгаагаа барин харав. Тэд маш хүнд түвэгтэй арга барилыг хэрэглэн усан үзвэр зохиожээ. Ийм амжилт гаргасны дараа хятадын эмэгтэйчүүдийн тоглолт тийм өндөр сэтгэгдэл төрүүлээгүй.

Оросын гавьяат дасгалжуулагч Таьяна Данченко «Охид маань их амжилт гаргасан» гэж «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Хамгийн гол нь тэд тоглолты нь доогуур үзэж үнэлэх боломж шүүгчдэд олгосонгүй. Тэмцээн урьдынхаас илүү хүнд түвэгтэй байсан гэж охид үзэж байна. Харин тэд хөтөлбөрөө дуустал дээд зэргийн уран чадвараа үзүүлж өрсөлдсэн» гэв.

Оросын уран сайхны сэлэлтийн шигшээ баг Лондонд 2 дахь удаагаа тэргүүн байр эзлэв. Урьд Наталья Ищенко, Светлана Ромашина хоёр алтан медаль хүртсэн билээ.

Энэ нь оросын эмэгтэйчүүд 2000 оны Сиднейн Олимпийн наадмаас хойш уран сайхны сэлэлтийн төрлөөр дөрвөн Олимпийн наадам дараалан бүх алтан медалийг авсан үйл явдал боллоо. Олимпийн наадмын үеэр спортын мөн төрлөөр дөнгөж хоёрхон багц медалийн төлөө өрсөлддэг нь харамсалтай байна.

Гэрэл зураг