НҮБ-ын төлөөлөгчдийг Сири улсад хэвээр байлгана гэж олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга АЗ-ийн гишүүн орнуудад явуулсан захидалдаа мэдэгджээ. Түүний хэлснээр НҮБ ын төлөөлөгчдийг Сирид байлгах нь байдлыг газар дээр нь үнэлсний үр дүнд оновчтой хяналтын үндэс тавигдана. «Ажиглагчдын мандатын хугацаа дууссан ч хүмүүнлэгийн агентлагууд Сирид үлдэж ажиллана» гэж Бан Ги Мун хэллээ. Үүний хамт Ерөнхий нарийн бичгийн дарга мандатын хугацаа нь 8-р сарын 31-нд дуусах НҮБ, Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгчийн үйл ажиллагааны хугацааг сунгахыг АЗ-д зөвлөв. Эдүгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан онц эрхт төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байна. 8-р сарын 31-ээс хойш албан тушаалаа орхино гэж тэрээр мэдэгджээ. Аннаны залгамжлагчийг аль болох түргэн томилохын тулд Сирийн асуудал эрхлэх шинэ онц эрхт төлөөлөгчийн томилолтын асуудлаар Арабын улсуудын холбооны гишүүдтэй зөвлөлдөж байна гэж Бан Ги Мун үүнтэй холбогдуулан НҮБ-ын АЗ-д мэдээлэв. Энэ оны 5-р сараас Сирид байгаа олон улсын ажиглагчдын мандатын хугацаа 8-р сарын 19-нд дуусах юм. Тэд сирийн эрх баригчид, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөний эргэн тойрны байдлыг ажиглах үүрэгтэй. Одоо Сирид олон улсын 300 ажиглагчийн тэн хагас нь үлдээд байна. Ойрын үед тэдний тоог 100 хүртэл цөөрүүлнэ. 8-р сарын 16-нд НҮБ-ын АЗ-д Бан Ги Муны зөвлөмжийг харгалзан Сирид НҮБ-ын ажиглагчдыг цаашид байлгах асуудлыг авч үзэж шийдвэрлэнэ.