Сүүлийн саруудад хятадын улсын ба хувийн илүү олон үйлдвэр үйлдвэрлэлээ бусад улсад шилжүүлж байна. Энэ нь Хятадад цалин нэмэгдэж, түүхий эд  үнэтэй болсонтой холбоотой.

Хятадын амжилттай өмнөд мужуудыг оролцуулан олон үйлдвэрийн газрын зардал өсөн нэмэгдэж байна. Иймээс хятадын компаниудын удирдагчид үйлдвэрийнхээ салбаруудыг хилийн чанадад нээж байна.

Гаднаас харахад энэ нь 2000-д оны эхээр Хятадад хэрэгжүүлж эхлсэн «гадаадад гарах» стратегид нийцэж байна. Гэвч хятадын гадаадад хөрөнгө оруулах шалтгаан одоо өөр байна. Энэ нь Хятадын үр нөлөө дэлхийд өргөжиж байгаа явдалтай төдийгүй эдийн засгийн тооцоолттой холбоотой.

Хятадаас өөр улсад үйлдвэрлэх нь олонхи тохиолдолд илүү ашигтай болсон. Түүнээс гадна гадаадад оруулах хятадын хөрөнгө оруулалт нөөцийн төлөө тэмцэлтэй бараг холбоогүй байна. Урьд улсын юуны түрүүнд нефтийн томоохон компаниуд гадаадад хөрөнгө оруулж байсан бол одоо жижиг дунд   бизнесийн үйлдвэрүүд «гадаадад гарах» асуудлыг эргэцүүлэн бодож байна.

Эдүгээ Хятад дэлхийн нэг ёсны фабрик болох боломж олгосон давуу талаа аажмаар алдаж, өсөлтийн шинэ загварыг арга буюу эрэж байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев хэлээд

«Бид Хятад ба дэлхийн хоорондын харилцаа өөрчлөгдөх бас нэг үеийг ажиглаж байна. Урьд гадаадын хөрөнгө Хятадад шууд оруулж байсан бол одоо хятадын компаниуд бизнесээ илүү хямд ажиллах хүчинтэй улсуудад шилжүүлэх болсон. Энэ нь сонин үйл явдал юм. Хятадын эдийн засгийн өрсөлдөх давуу тал хэвээр хадгалагдах уу эсвэл Хятад дахь гадаадын хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлээ гуравдахь улсад шилжүүлэх үү гэсэн асудалаар эдийн засагчид олон жилийн турш маргалдсаар байна. Хятадын үйлдвэрүүд л энэ хандлагын нэг ёсны зам гаргагч болсон нь нэлээд чухал» гэв.

Энэтхэг, Бангладеш ба Зүүн-өмнөд Азийн орнууд «хятадын хөрөнгө оруулалтын давшилтын» чиглэлийн нэг болсон. БНХАУ-ын аж үйлдвэр хөгжсэн бүс нутгийг бодоход Зүүн–өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэл 60, ажиллах хүчин 50 хувиар хямд байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд авах татварын хөнгөлөлт хятадын үйлдвэрүүдийг урамшуулав.

Жишээ нь Вьетнамд гадаадын компаниуд эхний гурван жилд албан татвар ердөө төлөхгүй хийгээд дараачийн хоёр жил албан татвар дөнгөж 5 хувь байна. Ийм нөхцөлд үйлдвэрийн газар харийн нутагт амархан дасана.Түүнээс гадна хятадын үйлдвэрүүд Зүүн-өмнөд Азид үйлдвэрлэлээ шилжүүлснээрээ ЕХ-д БНХАУ-ын талаар тогтоосон худалдааны саад тотгорыг давах шаардлагүй болж, гаалиар ивээх хураамж төлөхгүй байна.

Одоохондоо хятадын хөрөнгө оруулагчид гол төлөв 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг байгуулж, хамтын үйлдвэр байгуулахыг тийм их сонирхохгүй байна. Гэвч зарим үйлдвэр орон нутгийн банкнаас зээл амархан авахын тулд хамтын үйлдвэр байгуулах асуудлыг авч үзэж байна. Гэвч Зүүн-өмнөд Азид хятадын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв орон нутгийн хөрөнгө оруулалтын уур амьсгалын онцлог, хууль тогтоомж төдийгүй Бээжин ба бүс нутгийн орнуудын хоорондын харилцаанаас шууд шалтгаална. Түгшүүртэй байдал бизнесийн хэтийн төлөвд даруй нөлөөлж мэднэ. Хятад улс Зүүн-өмнөд Азийн хэдэн улстай нутаг дэвсгэрийн асуудлаар маргаж байгаа болохоор хятадын үйлдвэрүүдийг бүс нутагт шилжүүлэх эрсдэл хэвээр байна.