Өчигдөр Үндэсний шилжилтийн зөвлөлөөс засгийн эрхийг уламжласан Ливийн Бүх нийтийн үндэсний конгресс «Үндэсний фронт» намын удирдагч Мухаммед Магарифыг даргаар сонгов. Тэрээр Каддафигийн дэглэмийг олон жилийн турш тууштай шүүмжилж ирсэн билээ. Хууль тогтоох байгууллагын үүрэг гүйцэтгэх 200 суудалтай конгресс шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой. Түүнчлэн ирээдүйн сонгууль явуулах үндэс болох Ливийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах юм. Ливийн санал өгөх эрхтэй оршин суугчдын 60 гаруй хувь нь 7-р сарын сонгуульд оролцов. Үндэсний шилжилтийн зөвлөлийн удирдагч байсан Махмуд Жибриль тэргүүтэй либерал «Үндэсний хүчний холбоо» сонгуульд тэргүүлжээ. «Лалын ахан дүүс» хөдөлгөөний ливийн салбар – Шудрага ёс, байгуулалтын нам хоёрт орсон билээ.