Сирид гал зогсоох дэглэмийг ажиглах НҮБ-ын төлөөлөгчдийн тоог ахин хорогдуулав. Олон улсын байгууллагын Төв байран дахь эх сурвалжаас мэдэгдснээр 8-р сарын 13 гэхэд Сирид 100 ажиглагч үлдэнэ. НҮБ-ын АЗ-ийн болон ажиглагчдаа тийшээ явуулсан орнуудын хаалттай хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагааны асуудал эрхлэсэн туслах Эдмонд Муллейн илтгэл ийм зөвлөмж агуулжээ. Дэлхийн 40 улс түүний дотор Орос, Кыргызстан, Франц, Хятад, Чех улсуудын цэргийн ба иргэний шинжээчид ажиглагчдын бүрэлдэхүүнд орсон. Эдүгээ Сирид НҮБ-ын 150 ажиглагч байна. Эхлээд 300 ажиглагчийг Сири руу явуулахаар төлөвлөсөн билээ. Гэвч 7-р сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах асуудал эрхлэсэн орлогч Эрве Ладсус тэдний тоог хоёр дахин багасгах захирамж өгсөн. Сирийн байдал хүнд хэвээр байгаа нь мандатын хугацаа нь 8-р сарын 19-нд дуусах НҮБ-ын ажиглагчдын ирээдүйн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Орос улс ажиглагчдын мандатын хугацааг сунгахын төлөө байна. Үүний хамт АЗ-д өрнөдийн орнууд ажиглагчдын цаашдын үйл ажиллагааг Сирид хүч хэрэглэхийг зогсоох төлөвтэй шууд холбон үзэж байна. НҮБ-ын АЗ-ийн хэдэн гишүүн тухайлбал Франц улс ажиглагчдын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна.