Цаг уур дэлхийн оршин суугчдын бат орших чанарыг сорьж үзсээр байна. Хэт халуун, ойн гал түймэр олон сая хүнийг хамрав. Энэ нь дэлхийн агаарын дулааралын хор уршиг хэмээн ерийн оршин суугч тэр даруй үздэг. Үнэн чанартаа цаг уурын тойронд юу болж байна вэ? Эрдэмтэд цаг уурын гажигийн талаар өөр өөр саналтай байна.

Энэ зун Оросын өмнөд бүс нутаг, Ижил мөрний хавийн нутаг, Баруун Сибирь ган гачигт нэрвэгдэв. Урал, Сибирийн ой шатаж байна. Европын байдал ч адилхан байна. Ойн гал түймэр Испани, Франц, Хорват улсуудад гарсан. АНУ сүүлийн 50 жилд хамгийн аюултай ган гачигт нэрвэгдэв. Австрали ч гандсан байна. Урьд хэм ийнхүү түргэн эрс нэмэгдээгүйг НАСА ба эрдэм шинжилгээний өөр төвүүдийн олон жилийн ажиглалтын үр дүн харуулав. Энэ нь байгалийн үйл явцын үр нөлөө биш гэдгийг янз бүрийн чиглэлийн судалгааны үр дүн тусган харуулав.

Эрдэмтэд дэлхийн агаарын дулааралын асуудлаар аль хэдийнэ маргаж эхлэсэн. НАСА агентлагийн 49 сансрын нисгэгч, ажилтан дэлхийн агаарын дулаарал хүний аж ахуйн үйл ажиллагаантай холбоотой гэсэн саналыг эсэргүүцсэн захидалд гарын үсэг зуржээ. Энэ нь хүний аж ахуйн үйл ажилагааны хор уршиг хэмээн НАСА агентлагийн удирдлага үзэж байна.

Дэлхийн цаг уурын эрс хувиралд хүмүүс тодорхой хэмжээгээр нөлөөлсэн гэж Орос улс дахь Дэлхийн онгон байгалийн сангийн «Цаг уур ба эрчим хүчин» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдгээр үйл явдал ямар учир шалтгаантай вэ? Хүнээс цаг уурын байдалд үзүүлэх үр нөлөө байгалийн бүх хүчин зүйлийнхээс илүү их байна. Хүн төрөлхтөн цаг уурын байдалд үзүүлэх нөлөөгөө багасгана гэдэгт найдаж байна. Нар, дэлхий орчмын тойрог зам, галт уул зэрэг байгалийн хүчин зүйл л нөлөөлж мэднэ» гэв.

Хүн цаг уурын байдлыг өөрчилж чадахгүй гэж Алексей Кокорин үзэж байна. Харин хүлэмжийн хий гэгчийг нэмэгдүүлж, нарны идэвхжлийн зохисгүй нөлөөг өргөжүүлж чадсан. Энэ нь цаг уурын системийг донсолгов. Ядаж ойрын 50 жилд дэлхийн оршин суугчид цаг уурын ер бус нөхцөлд амьдарч дасах бололтой гэж шинжээч таамаглав.

Гэвч дулаарах төдийгүй хүйтрэх үйл явц хүн төрөлхтөнд тулгарна. Энэ үзэгдэл одоо ч мэдрэгдсэн гэж Дэлхийн тухай ШУ-ны нэгдсэн зөвлөлийн дарга геологи-эрдэсийн ухааны доктор академич Николай Добрецов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хүн хөндлөнгөөс оролцсон явдал тухайлбал бүх Илчит ЦС-аас хаях хүлэмжийн хий, аж үйлдвэрийн ажиллагаа дэлхийн цаг уурын байдлын өөрчлөлтийг эргэлт буцалтгүй болгох уршигтай гэдэг санал байсан. Сүүлийн зуун жилд дэлхийн агаар эрс дулаарсан явдал хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү. Гэвч агаар түр зуур хүйтэрч эхлэснийг сүүлийн гурван жилд Венецийн сувгуудын усан ба Испанийн усан үзэм хөлдөж, Москва ба европын олонхи бүс нутагт хавар хүйтэн болсон явдал харуулав. Арктикийн мөсний талаар ч тийм байна. Мөсөн талбайн хэмжээ 2007, 2008 онд адилхан бага байсан. Харин 2009,2010,2011 он болон энэ оны эхээр мөсөн талбай өргөжив» гэв.

Арктик бол цаг уурын нэг ёсны «тогооны газар» юм. Ойрын зуун жил энд мөсөн талбай байн байн өргөжиж дараа нь багасана. Одоогоос 20 мянган жилийн тэртээ орчин цагийн Европыг нэрвэсэн мөсөн үе гариг дэлхийд хэдийд давтагдахыг хэн ч хэлж чадахгүй гэж академич Добрецов үзэж байна.

Шинжээчид санал шүүмжлэл явуулсаар байтал дэлхийн оршин суугчид юуны түрүүнд практик асуудлуудыг л сонирхож байна. Ган гачиг, ойн түймэр хүнсний үнэ, түүний дотор үр тариа, гурил, талхны үнийг нэмэгдүүлэх үү?