Хятадын Хэфэй хотод /Аньхой муж/ өнөөдөр Бо Силайгийн эхнэр 53 настай Гу Кайлайг шүүх ажиллагаа эхлэв. Түүнийг британий бизнес эрхлэгч Нил Хейвудын амийг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд цаазын ял оноож магадгүй. Түүнчлэн хэрэгтэний суудалд Бо Силайгийн гэр бүлд ажиллаж байсан Жан Сяоцин сууж байна. Түүнийг аллагад хамаатай гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн 11-р сард Хейвудын цогцсыг Чунцин зочид буудалд илрүүлсэн. Эхний үед түүний үхлийн шалтгааныг зүрхний шигдээс гэж байсан. Хожим нь түүнийг Гу Кайлай хордуулсан гэх хувилбар гарч ирсэн. Шүүх хуралдаан дээр Гу Кайлайгийн эсрэг мэдүүлэг өгөхөөр гэрчүүдээс хэнийг ч дуудаагүй байна. Түүнчлэн, түүнд өмгөөлөгч авахыг хоригложээ. Өмнө нь британий дипломатуудад шүүх хуралдаан дээр байлцахыг зөвшөөхдөг байв. Өрнөдийн ХМХүүдийн таамаглаж буйгаар, коммунист намын имижийг хөсөрдүүлэхгүйн тулд шүүх хурлыг маш товч хийх аж.

Бо Силай бол Чунцин хотын дарга асан бөгөөд өнгөрсөн 3-р сард түүнийг намын сахилга дэгийг хүчтэй зөрчсөн гэж Хятадын Коммунист намын ТХ болон улстөрийн товчооны бүрэлдэхүүнээс гаргасан юм.