Лондонгийн Олимпийн наадам дээр оросын сайн дурынхан ажиллаж байна. Хоёр жилийн дараа тэд Сочийн өвлийн тоглолтуудад туслах болно, харин одоо тэд эндээс туршлага хуримтлуулж байна.

Британий хэвлэлүүдийн тооцоолсноор одоогийн байдлаар Лондонгийн хүн амын тавны нэг Олимпийн наадамд сайн дураар ажиллаж байна. Сайн дурынхныг шалгаруулж авах, бэлтгэх хөтөлбөрийг наадам эхлэхээс хамаагүй эрт эхэлжээ. Зохион байгуулагчид насны хязгаарыг л тогтоожээ. Тэд 18 аас дээш насны бөгөөд нийгмийн гарал үүсэл, арьс өнгө, шашны байдлуудыг хязгаарлаагүй аж. Лондонгийн сайн дурынхны дунд британий нийслэлд амьдардаг өөр бусад үндэстэнүүдийн төлөөлөл ч орсон аж. Энэ тухай Олимпийн наадамд ажиллаж байгаа Анастасия Снеткова  ярихдаа

«Би энд нилээд хэдэн жил суралцаж байгаа юм. Би Лондонгоор зүгээр аялаж явахдаа Олимпийн наадмын үеэр ажиллах сайн дурынхныг ажилд авна гэсэн зурагт хуудсыг харсан юм. Тэгээд энэ их сайхан санаа байна шүү гэж бодсон. Ингээд би анкет бөглөж, ярилцлагад ороод энд ажиллах болсон. Энэ бүгд нь цалингүй. Бид бол сайн дурынхан. Бидэнд эндээс өгсөн зүйл гэвэл ганц хувцас л байх шив дээ. Бид үүнийг өөртөө үлдээж болно. Зарим үед бидэнд зориулан явагдах арга хэмжээнүүд байдаг. Би бол вокзал дээр ажилладаг. Бид Лондонд маш олуулаа байгаа. Бидэнтэй хаа сайгүй таарч болно. Бид хүссэн бүх хүмүүст туслаж байгаа. Тэдэнд хаашаа яаж явах, очих вэ гэх бүх асуудалд нь тусална» гэлээ.

Түүнчлэн Лондонд “алтан зуут” оросын сайн дурын байгууллага хүрэлцэн ирсэн. 104 хүнтэй энэ сайн дурын байгууллага Сочи-2014 Олимпийн наадамд оролцохоор болжээ. Тэднийг маш чухал объектуудад тавьсан байна. Сочийн өвлийн наадмын үеэр ажиллах сайн дурынхны ихэнхи нь ажлын туршлагаа бэхжүүлэхийн тулд Лондонд ирж ажиллаж байна. Тэд хот дотор оросын жуулчдад орчуулагчаар ажиллаж туслахын зэрэгцээ оросын тамирчдад тэмцээний өмнө, хойно орчуулагчаар ажиллаж туслаж байна гэж “алтан зуут” байгууллагын сайн дурын ажилтан Юлия Бородавкина тэмдэглээд

«Манай Сочи-2014 багийн бүх залуучууд янз бүрийн объектууд дээр ажиллаж байгаа. Бид байнга тааралдаж, хоорондоо хэн хаана ажиллаж байгаа тухай мэдээлэл солилцож байна. Би дандаа сайн сэтгэгдэл сонсож байгаа. Гэхдээ бид үүнийг сайн дурынхны байр сууриас хэлж байгаа юм шүү дээ. Энд олсон туршлага бидэнд Сочид их хэрэгтэй гэж бодож байна. Би сэтгүүлчдийн байгаа микс бүсэд очоод, тэнд тэмцээнээ дуусаад байгаа тамирчидтай уулзаж чадна.Тэмцээн явагдаж байгаа газартай ойрхон байгаа учраас би шууд тэмцээнийг үзэх боломжтой . Манай азлуусын ихэнхи нь стадионуудын Event service бүлгүүдэд ажиллаж байгаа. Тэд өөрсдийн ажлын хажуугаар тэмцээн үзэх боломжтой» гэлээ .

Блогийн системд оросын зарим сайн дурынхнуудын Олимпийн наадмын талаар бичсэн тэмдэглэлүүдээс уншиж болох юм. Ингэснээр тэд өөрсдийн уншигчдад Лондонгийн зуны олимпийн хөшигний цаана нэвтрэх боломж олгож буй юм. Үүгээрээ өөр олон хүмүүсийг сайн дурынхны эгнээнд нэгдэн ороход нь урам хайрлаж болох юм.