Лондонгийн Олимпийн наадам алдагдалтай болно. Зохион байгуулагчдын өндөр өртөгтэй зарлагуудыг харьцуулж үзэхийн хамт британий нийслэлд гурав дахин бага жуулчин ирсэнд шинжээчид ийм дүгнэлт хийжээ.

Зохион байгуулагчдын урьдчилсан дүгнэлтээр Олимпийн наадмын эхний долоо хоногт Лондонд 300 мянга орчим жуулчин ироэх ёстой байжээ. Гэтэл британий нийслэлд ердөө 100 мянган жуулчин иржээ. Тэмцээний өвөрмөц болон сунжирсан байдлыг тооцоход ойрын өдрүүдэд байдал бага зэрэг өөрчлөгдөж магад. Гэхдээ одооноос Олимп зардлаа нөхөж чадахгүй гэдэг бол ойлгомжтой гэж “АЛОР” компаний гүйцэтгэх захирал Сергей Хестанов тэмдэглээд

«Лондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид 10 тэрбум фунт стерлингийн ашиг олно гэж тооцож байсан. Гэтэл үүний аравны нэгийг ч олж авч чадахгүй. Гэхдээ ийм эмгэнэлтэй үр дүн нь чухамдаа хөндлөнгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд их мөнгө зарлагадсантай, өмнө нь төлөвлөж байснаас арав дахин аюулгүй байдлын хэвийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Зохион байгуулагчид алдагдалд орно. Үүнийг тус улс үүрэх болно. Бээжингийн Олимпийн наадмын туршлагыг харж байхад Олимпийн наадам бол ашиг орлого олохоосоо аажимдаа улсын нэр хүнд өсөх цорын ганц эерэг үр дүн болж хувирдаг байна» гэлээ.

Олимпийн наадмын өмнө эдийн засгийн таатай таамгуудыг хийхдээ зохион байгуулагчид уг арга хэмжээний өвөрмөц онцлогийг тооцсонгүй. Энэ бол нэгэн зэрэг маш олон тэмцээн явагдаж байгаа урт хугацааны наадам юм шүү. Хаашаа явж, ямар тэмцээнийг сонгох гэж зовохын оронд ихэнхи хүмүүс гэртээ сууж зурагтаар шууд нэвтрүүлэг үзэхийг илүүд үзсэн бололтой гэж Оксфордын их сургуулийн эдийн засгийн профессор Питер Оппенгеймер үзэж байна.

«Олимпийн тоглолтуудыг зурагтаар үзэх нь тухтай бөгөөд хялбар юм: нэгэн зэрэг хэдэн цуврал үйл явдлуудыг, тэмцээнүүдийг үзэж болно. Биечлэн оролцоход аль нэг арга хэмжээн дээр, тодорхой өдөр, тодорхой цагт нэг удаа л оролцох боломжтой юм. Харин зурагтаар бол бүх сувгуудыг тавиад, янз бүрийн цагт үзэх боломжтой» гэж Питер Оппенгеймер хэллээ.

Тэгээд ч Лондон хот дэлхийн хамгийн үнэтэй хот гэдгээрээ багагүй үүрэг гүйцэтгэж байгаа. Олимпийн наадам дөхөөд зочид буудал, кафе болон онгоцны тийз нэмэгддэг жамтай. Энэ нь спорт сонирходоггүй жуулчдыг үргээсэн гэж Оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Димов тэмдэглээд

«Тасалбаруудын үнэ бол нэг хэрэг, харин Лондон явах айлал бол өөр хэрэг юм. Тэгээд жуулчдын эрэлт хэрэгцээтйэ холбоотой үйлчилгээнүүд болох орон сууц, хоол хүнс болон бусад зүйлүүд нь маш их өндөр үнэтэй болсон. Тиймээс жуулчид тасалбараас татгалзаад зогссонгүй, мөн Лондонд аялахаас татгалзах болжээ» гэлээ.

Олимпийн наадамд хамгийн сэтгэл дундуур үлдэсэн хүмүүс бол банкуудын эзэд. Тэд улс төрийн гоё үг болон нэр хүндийн тухай бодлоос хол хөндий юм. Тэднийг ганцхан мөнгө л зовооно. Энэ жилийн хоёрдугаар хагаст Их Британий эдийн засаг 0,7 хувиар буурчээ. Дэлхий дахинд Barclays банкны тэргүүн болон түүний нилээд хэдэн ажилтануудын олон улсын банк хоорондын Libor зээлээр хийсэн зальт ажиллагаа шуугиан тариад авсан билээ.

Энэ тохиолдолд ямарч Олимпий наадам яаж ч амжилттай болсон ч, эдийн засгийг аврахгүй юм. Олимпийн наадамд бэлтгэж байхдаа хотоо аливаа юмнаас хамгаалж, цэвэрлэж, хотын зүүн хэсэгт шинээр барьж байгуулсан ихэнхи олимпийн объектуудаар хотыхоо хэсгийг шинэчилсэн гэдгээр Лондонгийн эрх баригчдад өөрсдийгөө цагаатгаж байна.