Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал Зүүн Азид хурцадсан явдал Япон, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс байгуулах хамтын төслийг «булшлах» аюултай болжээ.

БНСолонгос улс 8-р сарын 13-нд цэргийн сургууль Токто(японоор Такэсима) арал орчимд явуулах тухай зарлав. Сөүл Токиод Такэсима арлыг японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн нэрлэсэн Цагаан ном хэвлэгдэн гарсны хариуд цэргийн сургууль явуулах гэж байна.

Сэнкаку (Дяюйдао) арлуудын Япон Хятад хоёр улсын эргэн тойрны маргаан хурцдаж байна. Одоогоос нэг долоо хоногийн өмнө Японы хяналтад байгаа Сэнкаку орчмын усанд хятадын загас агнуурын онгоцууд оржээ. Япон улс цэргийн флотоо хэрэглэн арлуудаа хамгаалахад бэлэн байна гэж ерөнхий сайд Ёсихико Нода мэдэгдэв.

Маргаан үүсгэсэн арлуудын эргэн тойрны байдал хурцдаж байгааг дээрх баримтууд тод харуулав. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал Япон, Хятад, Өмнөд Солонгосын хооронд эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд өнөө болтол саад болохгүй байсан. Гэвч одоо байдал өөрчлөгдсэн. Зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй гэж шинжээчид ярьцгааж эхлэв.

Нутаг дэвсгэрийн асуудал хурцадсан явдал эдгээр гурван улсын эдийн засгийн харилцаанд нөлөөлж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Андрей Иванов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдүгээ арлууд чухам ямар улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох асуудал «аажим ажиллах мина» болсон. 1951 онд Сан-Францискогийн энх тайвны бага хурлын үеэр америкийн талаас энэ «мина» гэгчийг тавьсан. АНУ дэлхийн 2-р дайны дараа Ази Номхон далайн бүс нутгийн газрын зургийг дураараа өөрчилж, түрэмгийлэл үйлдсэн учир шийтгэл хүлээсэн Японоос авсан нутгийг түүхэн шудрага ёсыг харгалзалгүй геополитикийг иш үндэс болгон хуваарьлав.

Тэгснээрээ бүс нутгийн орнуудын харилцаанд зохисгүй нөлөөлөх нутаг дэвсгэрийн маргаан үргэлжлэх үндэс тавьсан юм. Токто (Такэсима) арлуудаас болж БНСолонгос улс Японы хооронд, Сэнкаку (Дяоюйдао) арлуудаас болж Япон Хятадын хооронд гарсан маргаантай асуудал хурцдсан нь эдгээр гурван улсын чөлөөт худалдааны бүс байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болж байна» гэв.

Токио-Сөүл_Бээжин гурван талын чөлөөт худалдааны бүс байгуулах төсөл Номхон далайг дамнасан түншлэлийн интеграцийн төслийг урагш ахиулж байгаа АНУ-ын стратегид нийцэхгүй байна. Хятадыг мөн төсөлд нэгдэхийг уриагүй. Учир нь Вашингтон тус улсыг өөрий нь гол өрсөлдөгч хэмээн үзэж байна. АНУ Хятадын нөлөөг сулруулахын тулд маргаантай бүх асуудлаар Хятадын өрсөлдөгчийн талыг дэмжиж байгаа хийгээд америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хятадын аюул гэгчийг амны уншлага болгов. Ийм тактик үр дүнд хүрч байна.

Юу гэвэл Бээжин, Токио, Сөүлийн улс төрчид сэхүүн санаархал ба олон нийтийн санал бодолд «баригдсан» юм. Нутаг дэвсгэрийн маргаанд оролцож байгаа бүх улс уг яриагаа үргэлж ширүүсгэж, харилцан найр тавих шийдвэр олох боломжийг багасгаж байна. Токио-Сөүл-Бээжин гурван талын эдийн засгийн төсөл дампуурахад тулав.

Ойрын үед улс төрчид сэхүүн санаархалаа орхиж, арлууд ямар улсын нутаг дэвсгэрт хамрагдах асуудлаар гарсан маргааныг хойшлуулна хэмээн үзэх боломж алга. Азид маргаан үүсгэсэн нутгийг эдийн засгийн зорилгоор хамтран ашиглах нь нутаг дэвсгэрийн асуудлыг мухардмал байдлаас гаргах харилцан ашигтай зам мэт санагдана. Хэтдээ асуудлыг ийнхүү шийдвэрлэж болзошгүй.