«Гадаадын хүчний гэм буруугаар хоёр хэсэгт хуваагдсан» Солонгосыг нэгтгэх нь нэн чухал зорилт хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын үзэж байна гэж өнөөдөр ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Энэ асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх хэрэгтэй» гэж «Ким Чен Ирийн эх оронч үзэл санааг практик хэрэг дээр хэрэгжүүлж, цэцэглэн хөгжих улс цогцлон байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлье» гэж гарчигласан Умард Солонгосын удирдагчийн онолын шинэ бүтээлд өгүүлжээ. Түүнчлэн Ким Чен Ын БНАСАУ, Өмнөд Солонгос ба гадаадад оршин суудаг бүх солонгос хүнд хандан «улс үндэстнээ нэгтгэхийн төлөө шудрага тэмцэлд идэвхтэй оролцохыг» уриалав. Тэрээр БНАСАУ-ын дотоодын байдлыг хөндөж, ард түмэн цэргийн үйл ажиллагааг судлахад гойд анхаарал тавьж, дайсны өдөөн хатгалга хийсэн нөхцөлд улс орноо батлан хамгаалахад бэлэн байх ёстойг мэдэгдэв.Ким Чен Ирийн эх оронч үзлийн тухай саналыг хүмүүсийн ухамсарт шингээхийн тулд хүмүүжүүлэх ажиллагааг өргөжүүлэх нь чухлыг БНАСАУ-ын удирдагч онцлов.