Дэлхийн улс орнууд эдийн засгийг хямралын дэглэмээр удирдвал зохино гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард Вашингтонд сангийнхаа Төв байранд мэдэгдлээ. Евро бүс ялангуяа Грек, Испанийн хямрал анхаарлын төвд хэвээр байгааг тэрээр тэмдэглээд энэ нь ганц асуудал биш гэж онцлов. АНУ-ын эдийн засгийн ирээдүй ноцтой асуудал болсон гэж Лагард хэлээд америкийн эрх баригчид үзэл суртлын санал зөрөлдөөнийг арилгаж, улс орноо «санхүүгийн хавцалд гулсан орохоос» сэрэмжлэх нь зайлшгүй чухал гэж тэмдэглэжээ.